Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийнэ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж Сүхбаатарын талбайд морьтой жагсаал хийнэ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Хурлыг нээж холбооны төлөөлөл Б.Ариунболд, “Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн төслийг хэлэлцэж батлахдаа Монгол Улсын үндсэн хуулийг ноцтой зөрчлөө. Ингэхдээ үндсэн хуулийн 5,1 дүгээрт заасан “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, 7,1-т “Соёлын өв төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг зөрчлөө.

Тус холбооны төлөөллүүд, “Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эсэргүүцэж морьтой тайван жагсаалыг ирэх сарын 6-нд хийнэ” гэдгээ мэдэгдлээ.

Уяачид хэлэхдээ, “Үндэсний морин уралдаанд уралдах морьдыг сэрвээнийх нь өндрөөр хэмжиж уралдуулбал эрлийз морьдын л уралдаан болно. Сумын наадамдаа ч Монгол морьдоо уралдуулж чадахааргүй болоод байна. Үндэсний баяр наадам бол соёлын өв, наадам бол бичигдээгүй хууль юм. Засгийн газар энэ өвөө хамгаалах ёстой. Баяр наадмын шинэчилсэн хуулийн төслийг бид тохуурхал, тодорхой албан тушаалтны ашиг сонирхлын явуулга гэж харж үзэж байна. 

Эрлийз морь уяж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүн хуулийн төсөл өргөн барьсан. Бид үүнийг эсэргүүцэж байна.

Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд хүний болон мал амьтаны хорт хавдар, өвчлөл эрс нэмэгдэж буй. Үүнд импортоор оруулж ирж буй морьд нөлөөлж байгаа бид өвчин хаанаас халдаж хэдэн хүн хохирч буйг хянах боломжгүй. Хүнд халдаж байгаа өвчний 3/2 нь мал амьтнаас гаралтай байдаг. Эрлийз морьдоос элдэв төрлийн өвчин илэрдэг нь баримттай үнэн зүйл. Монгол адуугаа эрлийзжүүлэх, хүч тамиртай болгох нэрийдлээр удмын сангаа устгаж дууслаа. 

Төрийнхөө сүлдэд залсан адууныхаа сэлдийг тайрдаг болсон. Бид эрт дээр үеэс наадмаар морио уралдуулж, дээлээ тайлж бөх барилдаж ирсэн уламжлалтай. Монгол хурдан морины уралдаанд морины шүдийг харж уралдуулдаг. Хэзээ ч сэрвээний өндөр хардаггүй. Энэ нь Монгол наадамд байж болохгүй зүйл. 

Улсын наадам бол бидний дархлаа. Импортоор адуу оруулж ирэхээ больё. Төрийн бодлогыг ТББ гаргадаг болсон байна. Өв соёлоо алдах аюулд ороод байгааг анхааруулж байна

УИХ-ын гишүүд ичих хэрэгтэй. Бид эрлийз морьдыг уралдаанд оруулахгүй. Морин тойруулгадаа уралдуул. Бид тал нутагтаа монгол морио уралдуулъя” гэв