“Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт маргааш болно. Марафонд хурдаа сорьж, амжилттай оролцоход тань туслах дараах зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас хүргэж байна.
Бүтэн марафон 42,190 метр, хагас марафон 21,095 метр зайд зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцох нь зүйтэй байдаг.
ХЭРЭВ ТА
- Зүрх судас, уушгины архаг өвчтэй,
- Гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовуурь илэрсэн
- КОВИД-19 халдвараар сүүлийн 3-6 сарын дотор өвдсөн,
- Хэт тарган, хэт туранхай,
- 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.
Марафон гүйлтэд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжид анхаарлаа хандуулна уу.
- Гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцоорой.
- Спортын болон харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч гүйлтэд оролцохын өмнө дүгнэлт гаргуулаарай..
- Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, 48 цагийн өмнөөс усыг бага багаар уух нь зохимжтой.
- Архи,согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглоно.
- Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уугаарай.
- Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно.
- Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх.
- Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх.
- Марафон гүйлтийн өмнө болон дараа биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уугаарай.