Д.Сумъяабазар: Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Д.Сумъяабазар: Нийслэлийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулна

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр болж, шилдгүүд тодорлоо. Тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ.

Энэ жилийн хувьд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос найман тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү “Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн юм. Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад нэрлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулж дууслаа.

Тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Цаашдаа энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Иймд нийслэлийн зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран есөн дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулж, залуусаа дэмжих болно.

Тэдгээрээс 59-ийг нь энэ ондоо барьж дуусгахаар ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Монгол залуус минь улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олимпын аварга, Дэлхийн аварга болохыг ерөөе” хэмээсэн юм.

Жил бүр энэ тэмцээнийг зохион байгуулбал хүүхэд, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, бие бялдрын хувьд ч хөгжих боломжтой. Иймээс цаашид тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах хэрэгтэй хэмээн тамирчид онцолж байв.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө