Шинээр үйлчилгээнд гаргахаар оруулж ирсэн хоёр давхар автобус замын хөдөлгөөнд оролцоход троллейбусны шугамын утсанд шүргэж, хөдөлгөөнд оролцох боломжгүй байна гэх мэдээлэл цахимд сүлжээнд тархаад байсан.
Тэгвэл Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, “Хоёр давхар автобусны өндөр 4.18 метр харин троллейбусны шугамын өндөр 5.05 метр өндөрт байх ёстой. Гэтэл зарим хэсэгт шугам унжиж доошилсон зөрчил гарсан. Тиймээс зөрчлийг арилгах ажил байна. Автобусны дээврийн хувьд тог дамждаггүй” гэсэн тайлбар өгсөн.
Харин өнөөдрөөс нийтдээ 70 хүний суудалтай, хоёр давхар цахилгаан автобус нийтийн тээвэрт явж эхэллээ. Нийтийн тээврийн шинэчлэлтийн хүрээнд энэ сард нэмж давхар цахилгаан автобус ес, энгийн цахилгаан автобус 36-гааг шугаманд явуулах юм.
Ташрамд дурдахад, Нийслэлийн нийтийн тээвэрт 1200 гаруй автобус үйлчилдэг. Үүний 70 гаруй хувийнх насжилт дууссан ажээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 500 гаруй автобус худалдаж авч байсан юм. Эдгээр автобуснууд 2020, 2021 онд ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Тиймээс нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай билээ.