Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32.4 тэрбум төгрөгөөр барихаар 2022 оны төсөвт чимээгүйхэн суулгуулж, батлуулах гэж байгаа талаар бид анх мэдээлж байв/ЭНД ДАРЖ уншина уу/.
Мэдээлэл цацагдсаны дараа иргэд “Цар тахлын хямралаас үүдэн эдийн засаг хөл дээрээ дэнчигнэж, ард иргэд бүсээ чангалж байхад төр нь хөшөө, суварга мэтийн зүйлд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах гэж байна” хэмээн хүчтэй эсэргүүцсэн билээ.
Улмаар Богд Зонхов бурхны хөшөөний санхүүжилтийг царцаасан. Тэгвэл урин дулаан цаг ирсэн тул бид хөшөөг үргэлжлүүлэн барьж эхэлсэн эсэхийг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо, Тасганы овоог зорьсон юм. Хөшөө барих ажил 2020 онд эхэлсэн бөгөөд 2021 онд хөшөөний суурь хэсгийг босгоод байсан. Харин биднийг өчигдөр/2022.06.03/ очиход барилгын ажил үргэлжлэн явагдаагүй, барилгын хашааны энэ тэнд банз, төмөр овоолж, барилгын хог бөөгнөрсөн байв. Үүнээс үзэхэд, нэгэнт улсын төсвөөс мөнгө гаргахгүй болсон учир барилгын ажлыг зогсоосон бололтой. Нийслэлд зөвшөөрлийн асуудал, оршин суугчдын эсэргүүцлийн улмаас ашиглалтад орж амжилгүй балгас болсон цөөнгүй барилга бий.
Үүний нэгэн адилаар Богд Зонхов бурхны хөшөөний суурин хэсэг боссон хэвээр таг гацаж, энэ хэсгийн хашаалсан газарт бүтээн байгуулалт хийгдэлгүй хэдэн арван жилээр “балгас” болон үлдэх вий гэсэн болгоомжлол байна.
Иргэдэд хөшөө дурсгалаас илүүтэй амралт, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж хэрэгтэй байгааг бид хэдхэн хоногийн өмнө Төв талбайд дэлгэсэн хиймэл зүлэгнээс харцгаасан. Мөн Энхтайваны гүүрийн зүүн талд Дунд гол урсдаг хэсэг газрыг “Эм энд Жи” констракшн гэх компани “Азидаа хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор барина” гэж зургаан жилийн турш хашаалсан ч одоо орон сууцны хороолол барьж буйг ч иргэд эсэргүүцэж, тус газрыг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж болгохыг шаардсан. Энэ мэт жишээнээс бид нийслэлчүүдэд ногоон байгууламж ямар хэрэгтэй байгааг харж болно.
Тиймээс Богд Зонхов бурхны суурь боссон эл газрыг ногоон байгууламж болговол иргэд эрх баригчдад талархаж, тэдэнд ч дараагийн сонгуулийн том сурталчилгаа болох нь дамжиггүй.