Иргэн Ч.Мөнхбаярыг өнгөрөгч хоёрдугаар сарын 17-нд ТЕГ-аас хойшлуулшгүйгээр баривчилж, саатуулсан байдаг.
Энэ талаар ТЕГ-аас түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, дансанд нь их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн" хэмээн мэдээлсэн билээ.
Тэгвэл иргэн Ч.Мөнхбаярыг ТЕГ-аас 461 дүгээр хорих ангиас ил захидал бичжээ. Тэрбээр тус захидалдаа "Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн би 53 настайдаа Монгол эх хэл бичгийнхээ төлөө, монголчуудынхаа эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж тэмцээд “гадаадын тагнуул” гэж Монгол Улсын тагнуулын байгууллагад гүтгэгдэн, БНХАУ-ын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж цоллогдож, Монгол Улсын прокуророос яллагдан цагдан хоригдож байна. Монгол Улсын Тагнуулын байгууллагын мөрдөн шалгах хэлтсээс зориуд санаатайгаар хуурамч баримт гэгчийг бүрдүүлж, эрээ цээргүй хилс хэрэгт намайг холбогдуулан хэлмэгдүүлж байна.
БНХАУ-ын эрх ашгийг хамгаалагчид Монгол Улсын төрд шургалсны улмаас эгэл жирийн сэтгүүлч би 100 гаруй хоног нийгмээс тусгаарлагдаад байна.
Хүний эрхийг хамгаалагчийн хувьд өвөр монгол хүн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд (ҮАБ) заналхийлэх санаа зорилго агуулах үндэсгүй гэж үздэг. Гэтэл Монгол Улсын Тагнуулын байгууллагаас “нууц” нэрийн дор БНХАУ-ын эрх ашгийг хамгаалж, монгол хүнийг /Мөнхбаяр намайг/ БНХАУ-ын эсрэг тагнуул хийлээ гэж захиалгаар, тусгаар улсад байж боломгүй, балмад, жигшүүртэй, гүтгэсэн үйлдлийг манай улсын тагнуулын байгууллагаас зохион байгуулсныг эрс эсэргүүцэж байна.
Иргэн Мөнхбаяр би гадаадын тагнуулын байгууллагатай хэзээ ч хамтарч ажиллаагүй, эх орон ард түмэн гэсэн үндэсний үзлээр төлөвшсөн, гадаадын тагнуулын байгууллагаас мөнгө төгрөг аваагүй гэдгээ энэхүү ил захидлаар албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ.