Ч.Цэгмид: Би байр, мөнгө авахын төлөө биш нас бол тоо гэдгийг харуулахын тулд 790 км гүйсэн

Ч.Цэгмид: Би байр, мөнгө авахын төлөө биш нас бол тоо гэдгийг харуулахын тулд 790 км гүйсэн

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид 24 хоногийн турш 790 км замыг туулан өнгөрсөн Бямба гараг/2022.06.04/-т Улаанбаатар хотноо ирсэн билээ.

Өдгөө 60 насыг зооглож буй тэрбээр малчин хүний тэсвэр тэвчээрийг харуулахын тулд тийнхүү холын замд гарч, зорилгоо амжилттай биелүүлсэн байна. Бид Ч.Цэгмид гуайтай уулзан, 24 хоногийн адал явдлаас нь хууч хөөрлөө.

ВИДЕО: 

-ЦАСАН ШАМАРГА, УСАН БОРООНООР Ч ЗОГСООГҮЙ ГҮЙСЭЭР Л БАЙСАН-

-Сайн байна уу. Сайн явж ирэв үү та. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Ч.Цэгмид гэдэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын иргэн н.Чулуунхүү гэж хүний гурав дахь охин. Одоо дүүрэн 60 нас хүрч байна.

-Таны насны хүн тэр хол замд гүйнэ гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Чухам яагаад холын замд гаръя гэж шийдэв?

-Би Монголын мянга, мянган малчдын төлөөлөл. Малчин хүний тэсвэр, тэвчээрийг харуулахыг хүссэн. Хоёрдугаарт, Монголын биеийн тамирыг дэмжих жилийг тохиолдуулан өөрийн хувь нэмрээ оруулах зорилготойгоор мянга, мянган залуус, ахмадуудын төлөөлөл болж гүйлээ.

-Залуудаа их л хөнгөн, хөдөлгөөнтэй хүн байсан болов уу. Залуудаа спортоор хичээллэдэг байв уу?

-1976 оноос эхлээд 1990 он хүртэл спортоор тогтмол хичээллэсэн. Удаан хугацаанд завсарласны эцэст 2018 оноос эхлээд бэлтгэл сургуулилтаа сэргээж гүйж эхэлсэн.

-Өмнө нь ер нь холын замд гүйж байв уу?

-Хүүхэд байхдаа 800, 1500, 3000 метрт гүйдэг байсан. Аймаг, сум, улсын 70 гаруй уралдаанд оролцсон.

-Таныг анх Улаанбаатар хүртэл гүйе гэхэд гэр бүлийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

-Үр хүүхдүүд бидэндээ үлдэцтэй сайхан зүйл хийж байна гээд гэрийнхэн маань бүгд дэмжиж, баяртайгаар хүлээн авсан.  

-Аян замын адал явдлаасаа хуваалцаач. 20 гаруй хоногийн туршид байгалийн янз янзын л үзэгдлүүдтэй таарсан байх?

-Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд багаас тавдугаар сарын 10-ны өдөр гарсан. Эхний өдөр 30 км, хоёр дахь өдөр мөн 30 км гүйж байтал маш их цас орсон. Гутлын түрийгээр татсан цасан шамарга болсон. Цас орсон ч гүйсээр л байсан. Өвөрхангай өнгөрөөд явж байтал бүтэн өдөржингөө бороо орсон.

-Шөнөдөө гүйсэн үү?

-Шөнө гүйгээгүй. Манайх өөрсдөө бүрхүүлтэй портер машинаар гэр хийгээд явсан. Эхэндээ 30+5 км гэсэн маршрутаар гүйсэн бол Өвөрхангай өнгөрөөд 40 км болгосон.

-ЭРҮҮЛ ЭНХ, ЗОРЬСОН ГАЗРАА ТОВЛОСОН ӨДРӨӨ ИРСЭНДЭЭ МАШ ИХ БАЯРЛАСАН-

-Эм, тариа хоол унд хийх зүйлсээ хэр базааж явав?

-Манайх мэргэжлийн тогооч, мэргэжлийн эмчтэй явсан. Тийм болохоор эм, тариа, хоол, ундны материалыг тэд хариуцсан. Нутгаасаа анх гарахдаа даралтаа үзүүлээд биеийн байдлаа бүрэн хянуулж гарсан. Яг л тэр хэвээрээ эрүүл мэндийн байдал тогтвортой байсаар Улаанбаатар ирсэн дээ.

-Мэдээж өмнөх өдөр нь гүйе гээд гэнэтхэн шийдчихээгүй байх. Холын замд гүйе гэсэн бодол хэзээ төрсөн бэ?

-2019 онд анх гүйе гэж бодож байсан. Гэвч цар тахал гарсан учраас чадаагүй. Тэгээд л энэ оны гуравдугаар сараас бэлтгэлээ хийж эхэлсэн.

-Улаанбаатар хотод хэзээ ирсэн бэ. Зорьсон газраа ирэх мөчид юу бодогдож байв?

-Зургадугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарт ирээд, 3-ны өдөр Морьтны даваагаар хөдөлгөөн багатай газраар гүйсэн. Эрүүл энх, зорьсон газраа товлосон өдрөө ирсэндээ маш их баярласан.

-Дахин гүйлтэд оролцох уу?

-Долдугаар сард олон улсын 225 км марафон гүйлтийн тэмцээн болно. Тэр уралдаанд өөрийгөө сорих зорилготой байгаа.

-Холын замд гүйсэн хүмүүст нутгийн удирдах байгууллага зэргээс шагнадаг шүү дээ. Өнөөдөр танд мөн жуух бичиг гардуула юм байна?

-Тийм ээ. Биеийн тамир, спортын улсын хорооноос өнөөдөр жуух бичиг гардуулна гэсэн. Нутгийн өөрөө удирдах байгууллага өөрийнхөө хэмжээнд урамшуулал өгсөн. Би мэдээж байр сонирхохгүй. Тал дүүрэн малтай, таван ханатай гэртэйгээ сайхан амьдарч байхад байр надад хэрэггүй.

-Таныг хараад нас бол тоо гэдэг үг санаанд орж байна. Спорт хүнийг эрүүл амьдруулахад хамгийн том үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Үе тэнгийн хүмүүстээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Нас бол тоо юм шүү. Спортоор тогтмол хичээллэж, цэвэр агаарт амьдарвал эрүүл, саруул амьдарч чадна шүү гэж хэлмээр байна.