ВИДЕО: “Балгас болсон гэрийг нурааж, хаягдлыг нь ачих” гэсэнд МҮИС хуучин аргаа хэрэглэж, ажилчдаа хамгаалалтад гаргажээ

ВИДЕО: “Балгас болсон гэрийг нурааж, хаягдлыг нь ачих” гэсэнд МҮИС хуучин аргаа хэрэглэж, ажилчдаа хамгаалалтад гаргажээ

Богд уул руу алхах замд байрлах бараг балгас болсон "Дугуй цагаан" орчмын шавар гэрүүдийг өнгөрсөн долоон хоногт нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр албадан нураасан. Олон жил ашиглагдаагүй удаж, Богд уулын балгас болсон гэрүүдийг нураасанд зарим иргэн баярлаж, сайшаалтай хүлээн авсан бол “хувийн өмчид төр хууль бусаар халдлаа” гэх пиар явж эхлээд байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэсэн байдаг.  Гэвч нөгөө талаас шавар гэрүүдийн “эзэн” МҮИС буюу Монголын Үндэсний их сургууль хуулийг овжин ашиглаж, өөрсдийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлж байна уу гэх хардлага төрж байна.

ВИДЕО:

-ЖИШЭЭ НЭГ. МОНГОЛЫН УУГАН ИХ СУРГУУЛИЙН НЭРИЙГ ЗАЛЬЖИН АШИГЛАЖ, ИРГЭДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА УУ-

Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хооронд үүссэн нэрийн маргаан хэсэг хугацаанд олны анхаарлыг татсан. 2013 онд тус байгууллага МҮИС гэх нэрийг анх авсан байдаг. Гэвч Монгол Улсын их сургуулиас ганцхан “Ү” эгшгээр ялгарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа учир нэрийн асуудлаар МУИС 2016 онд шүүхэд хандсан.

Гэсэн ч дан ганц У, Ү эгшгийн ялгаагаар зогссонгүй, МУИС-ийн нэрний англи товчлолыг хүртэл зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн гэх асуудал хөндөгдсөн юм. Тодруулбал, МҮИС-ийн ашиглаж буй “MNU” болон “Mongolian National University” гэсэн нэр нь Монгол Улсын их сургуулийн оюуны өмч аж. Тиймээс Оюутны өмчийн газраас “Монгол Улсын их сургууль нь MNU нэр товчлол болон тэмдэгтийг эзэмшиж байна. Харин Монголын үндэсний их сургууль нь зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь тогтоогдов” гэсэн дүгнэлтийг өмнө нь гаргаж байжээ.  Товчхондоо ШӨХТГ, Оюуны өмчийн газар, БШУЯ гэх мэт мэргэжлийн байгууллагууд “МҮИС-ийн нэрийн асуудал хууль зөрчсөн” гэсэн дүгнэлтийг гаргасан ч МҮИС үүнийг олон талаас нь няцаасаар, өнөөг хүртэл энэ маргаан шийдэгдээгүй байна.

ЖИШЭЭ 2. МҮИС ӨӨРСДИЙН ДОВЖООГ БАРИХЫН ТУЛД ЭХ НЯЛХСЫН ЭЗЭМШЛИЙН ХАШААГ БУУЛГАЖ БАЙВ

Монголын хамгийн том сургууль хэмээн өөрсдийгөө өргөмжилсөн Монголын Үндэсний Их сургууль нь хамгийн том сургууль болох зорилгоо биелүүлэхээр адгасан уу, аль эсвэл хаана ч, хэний ч газрыг өмчилж болно гэж бардсан уу, 2020 оны наймдугаар сарын 8-ны өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эзэмшлийн хашааг буулган, өөрсдийн довжоог барихаар оролдож байв. Гэвч үүнийг мэдсэн эмнэлгийн харуул хамгаалалтын ажилтнууд эсэргүүцэж, ширүүн маргаан өрнөн, зодоон цохиондоо тулсан байдаг.

2020 оны наймдугаар сарын 10. МҮИС Эх нялхсын хашааг буулгаж, өөрсдийн довжоог барих гэж оролдож байв

Тухайн үед бид газар дээр нь очиж сурвалжилга бэлтгэж байсан бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн чанарын албаны дарга А.Оюунчимэг “МҮИС өмнө нь хэд хэдэн удаа манай эзэмшилд халдаж, өөрсдийн барилгаа барих гэж оролдсон. Өмнө нь манай хашааг аваад нуучихсан байсан. Бид хайж, хайж тэдний төмрийн хогоос гаргаж авсан. Миний мэдэхээр дөрвөн ч удаа манай талбайд барилгаа барихаар халдаж байна” гэж байв.

-ЖИШЭЭ ГУРАВ. ИРГЭДИЙН АМАРЧ, ЗУГААЛАН, ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛДЭГ ГАЗАР “ШАВАР ГЭРҮҮД” БАРЬЖ, ОЛОН ЖИЛИЙН ТУРШ БАЛГАС БОЛГОВ-

Бас нэгэн жишээ. Богд уул руу алхах замд Дугуй цагаан орчимд олон тооны шавар гэрүүд бий. Ашиглалтгүй удсан тул шавар гэрүүд зарим хэсгээрээ нурж, Богд уулын амны “балгас” болсон тул иргэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан нь нууц биш. Тус гэрүүдийг МҮИС өөрийн охин компани болох “Энигма” ХХК-ийн эзэмшлийн газарт барьжээ. Гэвч өнгөрсөн хугацаанд үүнээс гадна газрын маргаантай холбоотой цөөнгүй асуудал гарч байв.

Тухайлбал, БОАЖЯ 2017 онд Богдхан уулын дархан цаазат газар 42 га газар эзэмшиж буй “Энигма” компанийн газраас гурван га газрыг нь төрийн мэдэлд авч, 264 автомашины зогсоол барихаар шийдсэн байдаг. Гэвч МҮИС оюутнуудаа тус яамны үүдэнд жагсааж, шийдвэрээ цуцлахыг шаардуулан, нэлээдгүй шуугиан дэгдээж байв. Үүний дараа авто зогсоол дээр ариун цэврийн байгууламж барих шийдвэрийг БОАЖЯ-наас гаргаж, ажлаа эхлүүлэх гэсэн мөн л бөөн хэрэг мандаж, яамны ажилтан хүртэл зодуулсан байдаг.

Харин одоо балгас болсон шавар гэрүүдийн маргаан үргэлжилж байна. Хотын дарга Д. Сумъяабазар “Богд уулын Дугуй цагаан руу алхдаг хэсгийн шавар гэрүүдийг буулгаж эхэлсэн. Тухайн компанид бид шаардлага тавиад бүтэн жил хүлээлээ. Одоо албадан буулгаж байна” гэж хэлсэн. Тус гэрүүдийг албадан нурааснаас хойш долоон хоног өнгөрсөн ч өнөөдөр барилгын хог хөглөрсөн хэвээр. Учир нь биднийг очиход МҮИС-ийн ажилчид тус орчмын газрыг хамгаалалтад авч, нийслэлийн алба хаагчдыг нэвтрүүлэхгүй байсан юм.

2022.06.07 Богдхан уул. Дугуй цагаан орчим шавар гэрүүдийг нураасан ч барилгын хог хөглөрсөн хэвээр

Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Мэдээж Үндсэн хуульд заасны дагуу төр шударгаар олж авсан хувийн өмчид халдаж үл болно. Гэвч энэ мэт “хууль”-иар халхавчилсан, “хууль”-иас гажууд үйлдэл байж болох уу.

2022.06.07

2022.06.07

2022.06.07