Ч.Отгочулуу: Сонгуулийн холимог тогтолцоотой болбол төсвийн мөнгө эдийн засагт шингэхгүй, тарж алга болдог байдал багасна

Ч.Отгочулуу: Сонгуулийн холимог тогтолцоотой болбол төсвийн мөнгө эдийн засагт шингэхгүй, тарж алга болдог байдал багасна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ынхан болон Ардчилсан намын нэр бүхий гишүүд гаргасан. Тэд хаврын чуулганы хугацаанд багтаан Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хандахын зэрэгцээ Сүхбаатарын талбайд жагсаал хийж, 21 аймагт аян өрнүүлсэн юм. Улмаар уг аяны хүрээнд цугласан иргэдийн гарын үсгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүлээлгэн өгч, намуудын дарга нарыг цуглуулан санал бодлыг сонсож, зарим уулзалтыг хийсэн. Өөрөөр хэлбэл, тэд процессын дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажилдаа ороод байгаа юм. Мөн МАН-ын бүлэг уг агуулгаар зөвлөлдөхийг дэмжсэн.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Одоогоор Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөн УИХ-ын гишүүн л Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй. Энэ нь Засгийн газар дахь парламентын хяналтыг сулруулах мөн бусад улс төрийн асуудалтай тулж буй учраас өөрчлөх шаардлагатай гэж үзэж буй.  Хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулна гэж тооцсон гэх.
  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 100 гаруй болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Т.Доржханд гишүүний  мэдээллээс үзвэл УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох эсвэл өөр хувилбарт тохирох.
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэргийг хийнэ.

Бид энэ агуулгын хүрээнд судлаачид болон улс төрчдийн байр, суурийг сонсож цувралаар хүргэж байгаа. Энэ удаа эдийн засагч Ч.Отгочулууг урьж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар байр, суурийг нь сонслоо.

ВИДЕО: 

-ГИШҮҮДИЙН ТОО ОЛОН БОЛБОЛ БИЕ, БИЕДЭЭ ТАВИХ ХЯНАЛТ САЙЖИРЧ, ЧАНАРЖИНА-

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж зарчмын томоохон өөрчлөлтийг хийх зөвшилцөл улс төрийн намууд болон бусад секторуудад эхэллээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог холимог болгох агуулгыг та дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв гэж бодож байна. Манай Үндсэн хууль 1992 онд батлагдаж тухайн үеийн нийгэм, эдийн засаг, хүн амын тоо зэрэгт зохицуулж боловсруулсан. Одоо цаг үеэсээ хоцрох хандлага ажиглагдаж байна. Өнөөдөр 77 гишүүний 30 гишүүнийх нь л шийдвэрээр хууль батлагдаж байна. Энгийн жишээ хэлэхэд, манай засгийн газрын гадаад өр нэлээн өндөр буюу 8 тэрбум доллар байгаа. Харьцуулбал хэвийн хэмжээнээс хэтэрч 90 хувьд хүрсэн гэж Дэлхийн банкнаас үзэж байна. Ийм байхад 20 гаруй гишүүний лоббигоор дахин нэг тэрбум долларын зээлийн баталгаа гаргуулж болохоор байгаа юм. Ингэж татварын төлөгчдийг, ард түмнийг асар их өрөнд оруулах шийдвэрийг 20 гаруй гишүүн гаргаад байна. Энэ гишүүдийн ард ямар ч эрх ашиг байж болно. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тоог олон болговол ийм алдаа гарах нь багасна. Зарим УИХ-ын гишүүн байнгын хорооны дарга, сайдын албан тушаалыг давхар хашдаг. Тэр албан тушаалтнууд буруу шийдвэр гаргах магадлал өндөр болно. Гишүүдийн тоо олон болох нь бие биедээ тавих хяналт сайжирч, илүү чанаржина гэж үзэж байна. Сонгуулийн холимог тогтолцоотой болохыг ч би дэмжиж байна.

-Холимог тогтолцооны хувьд ямар хэлбэр нь манайд зохимжтой гэж үзэж байна. Ер нь энэ хувилбарыг сонгох зайлшгүй ямар шалтгаан бий гэж та харж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд улсын төсөв 30 хувиар өссөн. Асар их алдагдалтай. Гэтэл энэ хэрээр нийтийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн салбар хөгжихгүй байна. Төсөв томорсон ч эдийн засаг дагаж томрохгүй байна шүү дээ. Төсөв эдийн засагт шингэж өгөхгүй байна. Сая нүүрсний үнэ өсч 400 долларт хүрлээ. Энэ үед нь бид 20 сая тонн нүүрс гаргачихвал 80 тэрбум доллар олчих боломжтой байсан. Засгийн газрын өртэй тэнцэх хэмжээний мөнгө олчих боломжтой байсан ч бид ажиллаж чадсангүй. БНХАУ-ын талаас бидэнд нэг л шаардлага тавьсан. Тэр нь “Та нар хил боомтод халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмээ сайжруулаад хөрөнгө оруулаад өгөөч” гэсэн.

Гэтэл бид мөн ажиллаж чадаагүй. 2022 оны улсын төсөв батлагдахдаа эдийн засгийн амин чухал цэгтээ хөрөнгө оруулалт тавиагүй. Гэтэл Хэнтийд 300, 400 км зам барина гэсэн.

Дарханы замын 50-60 км-ыг улсын төсвөөр барьчих боломж бий ч мөнгөө талын нэг цацаад байна. Тэгэхээр 77 тойргоос сонгогдсон гишүүд нийтийн, үндэсний эрх ашгийг хамгаалах сонирхолгүй байгаа нь харагдаж байна шүү дээ. Харин тэд зөвхөн өөрийнхөө тойрогт хэдэн төгрөг яаж, ийж байгаад суулгаж чадвал сэтгэл нь ханачихаж байна. Угтаа энэ мөнгөний бага хэсгийг Гашуун сухайт, Эрээн-Замын-Үүдэд хөрөнгө оруулах юм. Тэгэхээр жижиг тойргоос шууд сонгогддог хүмүүсийн зовлон энэ.

Хэрвээ холимог тогтолцоотой байгаад зарим хүн жагсаалтаар гарч ирдэг бол тойргийн жижиг сонирхлыг давж илүү эрүүл саруулаар харан чухал асуудлаа эрэмбэлж чадна.

Одоогийн тогтолцоо УИХ-ын гишүүдийн эрүүл саруулаар сэтгэх боломжийг хааж байна. Тэд яаж тойрогтоо мөнгө салгах вэ, яаж сонгуульд хандив өгсөн хүндээ хэдэн төгрөг өгөх вэ л гэж бодож байгаа юм. Жишээ нь өнөөдөр Засгийн газрын гадаад өрөнд санаа зовж байгаа гишүүн алга. Нөгөөтэйгүүр гадаад, дотоод шаардлагууд бий. Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн дэлхийн улс орнууд хоёр хуваагдаад байна. Манай улс эрчим хүч, төмөр зам, түлшний хувьд хойд хөршөөсөө асар их хараат. Тиймээс геополитикийн энэ үеийг ашиглаад хараат байдлаа багасгах боломж гарч ирж байна. Бидэнд нүүрс, занар бий. Үүнээс шатахуун, дизелээ гаргах чиглэлд ажиллах ёстой. Мөн гуравдагч хөршүүд уул, уурхай, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулаад өгье гэж хэлж буйг маш сайн ашиглах хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа гуравдагч хөршийн бодлогоо илүү тодотгож өгөх хэрэгтэй гэж бодож байна. Гадаад худалдааны идэвхтэй бодлого явуулж, төсөв алдагдалгүй байх ёстой.

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ Л УРАМШУУЛАХ ЁСТОЙ ЮМ-

-Засгийн газрын гадаад өр өссөн талаар та дээр дурдлаа. Бодит байдлын талаар мэдээлэл өгөөч?

-Эдийн засагт эзлэх хувийн гадаад өр 50 хувь байна гэж Засгийн газраас хэлсэн. Гэтэл Дэлхийн банкнаас “Үгүй ээ. Танай Засгийн газрын гадаад өр 92 хувь байна” гэсэн. Ийм чухал мэдээллийг хүртэл зөрүүтэй мэдээлж байна. Нэгдсэн тоо гаргаж чадахгүй байна. 50 хувь болгож зориуд бага харагдуулж буй нь нэмж өр тавих гэсэн зорилго байх. Энэ мэт буруу байдлыг халахад холимог тогтолцоо чухал гэж бодож байна.

-Нэн тэргүүнд ямар ажил хийхийг зөвлөх вэ? 

-Манай улсын инфляци 14 хувь байна. Хэвийн хэмжээнээс хэд дахин давж аюултай байдалд орсон.  Уг нь хоёр орчим хувь байхад хэвийн гэж үздэг. Талх, шатахууны хувь 80 хувь өссөн. Төгрөгийн ханш унаж, валютын ханш өссөн. Дээрээс нь ажилгүйдэл их байна. Гэвч хөдөлмөр оролцооны аргаар тооцоод үзэхээр хоёр эмэгтэй хүний нэг нь ажилгүй байна. Далд ажилгүйдэл их байгаа юм.  За ядуурлыг тэг хувьтай болгож арилгах ёстой. Манай улсын хувьд албан ёсны тоо 30 хувьтай гэж гарсан. Гэхдээ ковид, хөл хорионы нөлөөгөөр нэлээн өссөн болов уу. Хэрэглэж буй хүнсний хэмжээ, бодит өртгөөр тооцож үзвэл ядуурал 50 хувь руу дөхсөн байх. Ингээд базаад хэлбэл, эдийн засгийн эрүүл мэндийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийн хариунд улаан гэрэл асч, аюултай түвшинд очсоныг харуулж байна. Олон улсын байгууллагаас саяхан судалгаа хийсэн байна. Дэлхий банк дөрөвдүгээр сард тайлан гаргасан. Уг тайланд баян, хоосны ялгаа нь хамгийн ихээр нэмэгдсэн улсаар манайх тодорсон. Өндөр орлоготой хүмүүсийн хадгаламж өссөн. Эсрэгээрээ ядуусын хэрэглээ буурсан. Дундаж давхарга ядуу руу шилжихээр байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгааг харахад хамгийн их ажилгүй болж ажлын байр устсан гурван орны нэгээр Монгол нэрлэгдсэн байна. Энэ бүхнээс дүгнэхэд эдийн засаг сэхээний тасагт байна. Эдийн засаг -4 хувьтай гарч агшиж байна. Тэгэхээр зэс, нүүрсний үнэ өндөр байгааг ашиглаж экспортын орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Одоо Засгийн газраас хөрөнгө оруулалтыг татаж, урамшуулах ёстой. Ингэж байж ажлын байрыг нэмнэ. Бүх аж, ахуй нэгжүүд хүнд байдалд орсон. Сарын 1000 долларын цалинтай сая ажлын байрыг бий болгох ёстой. Тэгэж байж ажилгүйдэл, ядуурлаас гарна. Ингэхийн тулд жилд нэг тэрбумаар эдийн засаг өсөх ёстой. Сүүлийн арван жилд манай эдийн засаг 12 тэрбум долларт яг нам зогссон. Гэтэл ижил төстэй бусад улс орнуудын эдийн засаг 20, 30 хувиар өссөн. Манайх нэг дороо хий эргээд байна. Жилд 70 мянган залуу хөдөлмөрийн зах зээлд орж ирж байна.

Үүнийг нэмж 100 мянган ажлын байрыг бий болгох ёстой. Банк зээл гаргахаа больчихлоо. Томоохон хөрөнгө оруулагчид айдастай болсон. Зарим нь мөнгөө гадагшаа гаргаж байна. Жаахан мөнгөтэй нь их мөнгөөрөө бараа авчихсан мөртлөө хил дээрээс татан авч чадахгүй байна. Татан авалтыг нэмэгдүүлж түгжрэлийг яаралтай мултлах ёстой. Мөн хямралын үед томоохон өөрчлөлтийг хийх, эдийн засаг, санхүүд шинэ хөрөнгийг бий болгох ёстой. Тухайлбал, газрыг иргэдэд эзэмшүүлж түүгээрээ зээл авах боломжийг нээж өгөх гэх мэт. Энэ мэт газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Олон жил хийж чадахгүй байсан ажлаа хямралтай зэрэгцүүлчих хийчихвэл илүү үр дүнтэй байдаг. 

-Ярилцсанд баярлалаа.