Дугуй цагаан орчмын газрыг энэ жилдээ багтаан бүрэн тохижуулна

Дугуй цагаан орчмын газрыг энэ жилдээ багтаан бүрэн тохижуулна

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгасан.

 Тухайлбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ар Зайсангийн гудамжинд байрлах хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, ноцтой эвдэрч гэмтсэн барилга байгууламжуудыг албадан буулгасан юм. Олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгаж, хогийг ачих гэтэл тус гэрийг барьсан компанийн зүгээс хүсэлт гаргасан тул түр харзнасан боловч компани хогийг ачиж зөөвөрлөөгүй төдийгүй хууль зөрчсөн үйлдлээ өмгөөлсөн мэдээллийг олон нийтэд цацсан. Тиймээс өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ,  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өглөө.   

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн удирдлагууд иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулахад ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн. Хойшид ч анхааран ажилласаар байх болно. Нийслэлчүүд амарч зугаалах, алхаж чийрэгжихээр зорин очдог хамгийн хөл ихтэй тус газарт хүүхэд, залуус гэмтэж бэртэх, цаашлаад амь насанд аюул учирч болзошгүй нөхцөл бүрдсэн байсан. Тиймээс нийслэлийн удирдлагууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах,  хяналт тавих үүргийнхээ хүрээнд дээрх захирамжийг гаргасан.

Дархан цаазат газарт иргэд ая тухтай амрах нөхцөлийг бүрдүүлэх тохижилтыг удахгүй эхлүүлнэ. Энэ жилдээ багтаад хүүхэд багачууд, ахмадууд амрах орчин бүрдэнэ.

-Тохижилтыг хаана хаана хийхээр төлөвлөсөн бэ?

-Богд уулын Ар Зайсангийн гудамж буюу шавар гэр буулгасан байршил болон тус газраас дээш өгсөөд  Дугуй цагаан орчмыг иж бүрэн тохижуулна. Улаанбаатар хотын хөгжил, тохижилтод сэтгэл гаргадаг залуустай хамтран ажиллаж байна. Тун удахгүй албадан буулгасан хог хаягдлыг зөөх ажлыг хийнэ. Үүний дараа тохижилт хийнэ. Ташрамд хэлэхэд, МҮИС, тус сургуультай хамаарал бүхий төрийн бус байгууллагын нэр дээр 38.2 га газрыг ашиглах зөвшөөрөл олгосон байдаг. Байгаль орчны сайдын шийдвэрээр  2021 онд газар ашиглах эрхийг нь цуцалж, одоо шүүхийн шатанд маргаан үүсгээд байгаа юм.

2021 онд Нийслэлийн Засаг даргын А/295 дугаар захирамжид барилгын норм дүрэм зөрчсөн, А даалгавар байхгүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүй компаниудын жагсаалтыг гаргасан. Энэхүү жагсаалтад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дөрвөн байршилд “Энигма” компани, МҮИС, иргэн Хонгорзулын нэр дээр архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн байна. Энэ мэтээр хууль зөрчиж, хуулийг дэвсэлж сурсан байна. Эдгээр хүмүүсийг хамгаалдаг, хамтарч ажилладаг улстөрчид, албан тушаалтнууд  байна. Ийм нөхцөл байдлыг дахин гаргуулахгүйн төлөө тууштай тэмцэнэ. Хотын удирдлагын багийн зүгээс Улаанбаатар хотын 1.6 сая иргэний төлөө,  хуульд заасан чиг үүргийн хүрээнд оршин суугчдынхаа ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ.