Зайсангийн аманд шавар гэрүүд барьсан компани газрын төлбөрөө нэг ч удаа төлж байгаагүй аж

Зайсангийн аманд шавар гэрүүд барьсан компани газрын төлбөрөө нэг ч удаа төлж байгаагүй аж

Богд уул руу алхах замд байрлах "Дугуй цагаан" орчмын шавар гэрүүдийг өнгөрсөн долоон хоногт нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр албадан нураасан. Олон жил ашиглагдаагүй удаж, Богд уулын балгас болсон гэрүүдийг нураасанд зарим иргэн баярлаж, сайшаалтай хүлээн авсан бол нөгөө талаас“хувийн өмчид төр хууль бусаар халдлаа” гэх пиар явж эхлээд байна. Тэгвэл газар эзэмшигч “Энигма” компани газрын төлбөрөө төлж байгаагүй зөрчилтэй аж.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.ДаваасүрэнМэргэжлийн хяналтын байгууллагад 2013 оноос эхлэн тус байгууламжийн үйл ажиллагаа, газартай холбоотой гомдол ирж байсан. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, УБЗАА, Газар зохион байгуулалтын албатай хамтран хяналт шалгалт хийж байсан. Шалгалтаар олон зөрчил илэрч байсан. Хамгийн ноцтой нь тус байгууллага  газрын төлбөрөө төлж байгаагүй.

Боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулна гэдэг заалтыг барьж газрын төлбөрөөс зайлсхийсэн. Гэтэл Дархан цаазат газарт сургууль, боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулахаар газар олгохыг  хориглодог.

“Энигма” компани дээр тэрбум орчим төгрөгийн газрын төлбөрийн зөрчил бий. Түүнийгээ төлөөгүй хэр нь газрын зөвшөөрлөө МҮИС-ийн нэр рүү шилжүүлсэн байдаг. Газрын төлбөрөө төлөөгүй бол газрын зөвшөөрлийг цуцлах хуулийн заалт бий. 2017 онд улсын байцаагчийн хамтарсан дүгнэлтийг тухайн үеийн Байгаль орчны сайдад хүргүүлж байсан.

-Газрын төлбөрийн хэмжээг тэрбум төгрөг хүртэл нь яагаад арга хэмжээ аваагүй юм бэ. Анхнаасаа яагаад тэнд газар эзэмших зөвшөөрөл олгосон юм бол?

-“Энигма”  компани Газрын төлбөрийн тухай хуулийн  “...бүх шатны боловсролын байгууллагыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр газар эзэмшиж, ашиглах төлбөрөөс чөлөөлнө” гэсэн  заалтыг үндэслээд чөлөөлүүлээд байсан. “Бид энд сургууль барина” гээд төлбөрөө төлөхгүй өнөөг хүрсэн байгаа юм.  Гэтэл Дархан цаазат газар нутгийн тухай хуульд зөрчилтэй заалт байдаг. Одоо болохоор МҮИС-ийн нэр дээр газрын зөвшөөрлөө шилжүүлчихээд байгаа хэрэг. Дархан цаазат газар нутагт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох нь  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шууд харьяаны асуудал юм” гэв.