Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, олны мэддэгээр “Улаанбаатар их дэлгүүр"-ийн замын зүүн талд дахин төлөвлөлтийн хүрээнд, ашиглалтын шаардлага хангахгүй болсон “Дулааны-18”, “Худаг усны-36” нэртэй хуучин орон сууцнуудын суурин дээр 16 давхар барилга барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл эл асуудлаар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугчид мэдээлэл хийж, суулт зарлахаа мэдэгдэв. Тэд "Иргэд дахин төлөвлөлтийг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь 9,12 давхар барилга барина гэсэн атал одоо 16 давхар барилга барих гэж байна. Энэ нь хотын төвийн түгжрэлийг улам нэмэгдүүлнэ. Тиймээс үүнийг эсэргүүцэж, үнэхээр 16 давхар барилга баригдвал замын түгжрэл ямар хэмжээнд хүрэхийг харуулахаар зам хааж, суулт зарлахаар болсон" гэдээ мэдэгдэв.
Мөн иргэд мэдээллийнхээ үеэр "Тус тойргоос НИТХ болон УИХ-д сонгогдсон гишүүд иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байхад огт дуугүй сууж байгаад харамсаж байна. Хотын дарга ажлаа хийж чадахгүй бол огцрох ёстой" гэдгийг ч тодотгож байлаа.