"Маханд цогцос хадгалах, хорт хавдар үүсгэгч бодис" байгаа эсэхийг мэдэх стандартгүй учраас Эмээлтийн махыг бүрэн шинжлээгүй байна

"Маханд цогцос хадгалах, хорт хавдар үүсгэгч бодис" байгаа эсэхийг мэдэх стандартгүй учраас Эмээлтийн махыг бүрэн шинжлээгүй байна

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байсан “Эм ди си пи” ХХК-ны мах боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүнээс цогцос хадгалах бодис илэрсэн тухай мэдээлэл цацагдаад буй. 

Гэтэл Монгол Улс өнөөдрийг хүртэл маханд дээрх бодис буюу формальдегид байгаа эсэхийг тодорхойлох стандартгүй учраас асуудал дагуулаад буй махыг бүрэн шинжилж чадаагүй аж. Тодруулбал "Гарааны Праймер" ХХК-ны "Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори"-т хийсэн дүгнэлтэд "Эмээлтээс ирсэн махны дээжинд молекул биологийн аргаар буюу PCR-ын шинжилгээг, (MNS 6931:2021 стандарт дагуу) мултиплекс PCR-ын цомог ашиглан зооноз ба хүнсний халдвар, хордлого үүсгэгч 8 төрлийн бактерийн тандан шинжилгээ хийхэд

  • Дээж №1-д Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд,
  • Дээж №2-т Salmonella spp, Aeromonas hydrophila болон Pseudomonas spp нянгууд илэрсэн болно" гэжээ. 

Мөн "Монгол Улсын хэмжээнд мах болон махан бүтээгдэхүүнд формальдегид илрүүлэх стандарт арга зүй байхгүй учраас тус компаний Махны судалгаа хөгжүүлэлтийн лаборатори нь бусад (сав баглаа боодол, хуванцар сав) төрлийн дээжинд формальдегид илрүүлэх аргыг туршин хийсэн шинжилгээнд формальдегид илрээгүй болно. Энэ нь стандарт бус арга учраас маргаан таслах хэмжээнд дүгнэлт гаргах боломжгүй" гэдгийг онцолсон байна.

Товчхондоо, манай улс зөвхөн "хүүхдийн тоглоом, барилгын материалд формальдегид бодис байгаа эсэхийг илрүүлэх стандарттай. Харин мах болон хүнсэнд формальдегид байгаа эсэхийг тодорхойлох стандартгүй учраас Монгол Улсын ямар ч лаборатори одоогоор энэ шинжилгээг хийх эрхгүй бөгөөд асуудал дагуулаад буй махыг мэргэжлийн байгууллага нь энэ талаас шинжилж чадаагүй гэсэн үг.

-МАХАНД ЦОГЦОС ХАДГАЛАХ БОДИС БАЙГАА ЭСЭХИЙГ ШИНЖЛЭХ СТАНДАРТГҮЙ БАЙГАА ЛАБОРАТОРИ НЬ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНЫ ХАРЬЯАНЫХ-

Угтаа Монгол Улс "Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лаборатори" гэх сүржин нэртэй газрыг байгуулсан ч маханд хорт хавдар үүсгэдэг, мэдрэлийн тогтолцоонд сөрөг нөлөөлдөг химийн бодис агуулагдаж байгаа эсэхийг шинжилж чадахгүй, эл төрлийн стандарт байхгүй байгаа нь манай улсын хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд байгааг илтгэх. 

Монгол Улсын Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн

15 дугаар зүйл.Үндэсний лавлагаа лаборатори

15.1.Хяналтын байгууллагын дэргэд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, энэ хуулийн 15.3-т заасан лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Үндэсний лавлагаа лаборатори ажиллана. 

  • 16 дугаар зүйл. Эрсдэлийн үнэлгээ хийх
  • 16.1.1.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зарчим алдагдсанаас үүссэн аюулыг үнэлэх;
  • 16.1.2.эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэнд, мал, амьтанд учирч болзошгүй эрсдэлийн нөлөөллийг тодорхойлж, эрсдэлийн түвшинг тогтоох.
  • 16.3.1.шинжлэх ухаанаар нотлогдсон мэдээллийг ашиглан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалаар ил тод, бие даасан байдлаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд агуулагдаж болзошгүй бохирдлын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх;
  • 16.3.2.эрсдэлийн үнэлгээ хийхэд судалгаа, шинжилгээний нотолгоо хангалттай бус, түүнчлэн хүний эрүүл мэндэд аюул учруулахуйц нөхцөл үүссэн тохиолдолд олон улсын байгууллага, бусад улсын боломжит мэдээллийг үндэслэн холбогдох арга хэмжээг авна гэж заажээ. 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны аравдугаар сарын тавны өдрийн 330 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулах, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгосон байдаг. Өөрөөр хэлбэл маханд цогцос хадгалах бодис байгаа эсэхийг шинжлэх стандартгүй байгаа лаборатори нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы харьяаных. Тэд ажлаа ийн хийж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэдгийг ч хэлэх хүн олон байна. Тиймээс ч махан дахь формальдегидыг тодорхойлох олон улсын ISO стандартыг нэн даруй батлах шаардлагатай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.