О.Соронзонболд: Цэцэрлэгт хүрээлэнд байгаа хярс болон үр төлд нь ойртолгүйгээр үргээж байх хэрэгтэй /ВИДЕО/

О.Соронзонболд: Цэцэрлэгт хүрээлэнд байгаа хярс болон үр төлд нь ойртолгүйгээр үргээж байх хэрэгтэй /ВИДЕО/

Дулааны улирал эхэлж иргэд олноороо нийслэлийн "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-г зорих болсон. Харин энэ жилээс тус газарт хярс гэх амьтан хэсэг бүлээрээ амьдарч, хүмүүс ч тэднийг өхөөрдөн хоол хүнс өгөх болсон байгаа юм. Тэгвэл тус амьдан нь зэрлэг амьтан тул  хэдий өхөөрдөм ч хүнд ямар аюул учруулж болох талаар сэрэмжлүүлэх үүднээс Амьтан судлаач О.Соронзонболдтой ярилцлаа.

ВИДЕО:

-ИРГЭД БОЛГООМЖТОЙ БАЙХ ҮҮДНЭЭС ӨХӨӨРДӨЖ ОЙРТОХГҮЙ БАЙХ, ҮРГЭЭЖ ЯВУУЛАХ, ХООЛ ТЭЖЭЭЛ ТАВЬЖ ӨГӨХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ-

-Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг О.Соронзонболд гэдэг. Би Байгалийн түүхийн музейд Боловсрол, Маркетингийн хэлтсийн дарга даргаар ажилладаг. Амьтан судлаач мэргэжилтэй.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүлээрээ хярс амьдарч буй талаар мэдээлэл байгаа. Таны хувьд энэ талаар судалгаа хийсэн уу?

-Нарийн судалгаа хүйгээгүй. Миний хувьд тэр хавиар салхилж явахдаа харсан юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нэлээн том талбайтай. Тэнд миний ажигласнаар 2-3 нь бүл амьдардаг юм байна лээ. Тэдгээр хярснууд хоёрдугаар сард ороо нийллэгтээ ороод 50-60 хоногийн дараа 5-6 ширхэг зөнжиг буюу зулзага гаргадаг. Ерөнхийдөө цэцэрлэгт хүрээлэнд байгаа зөнжгүүд бол нэлээн хөдөлгөөнтэй хүний хөлийн талбарт байна гэсэн үг. Хүмүүс тэдгээр зөнжгийг өхөөрдөх, ойртох байгаа нь ажиглагдсан.

-Тэгэхээр цэцэрлэгт хүрээлэн буюу олны хөлийн газар хярс амьдах нь иргэдэд ямар эрсдэлтэй вэ ? Зэрлэг амьтан шүү дээ?   

-Ерөнхийдөө тэдгээр зөнжиг болон эцэг эх нь хүнийг гэмтээж хазахгүй байж болно. Гэхдээ эдгээр амьтад нь зэрлэг амьтад учраас янз бүрийн нян өвчлөл тээж байх боломжтой. Тухайлбал хярс бүүрэг, бөөстэй тул түүгээр дамжих өвчин, баас ялгадсаар нь дамжин хорхой, шимэгч нь ойртсон хүүхэд болон гэрийн нохойгоор дамжин айл руу нэвтрэх эрсдэлтэй. Зэрлэг амьтдаас хүнд халдах өвчлөлүүд нь нохойны бэтэг, галзуу гэх мэт өвчнүүд байдаг.  

-Зэрлэг амьтан тэжээвэр амьтнаас ямар ялгаатай вэ? Хярсыг гаршуулж болдог уу?

-Ер нь зэрлэг амьтадыг хүн гаршуулж, сургаж, тэжээж болно. Хярсны хувьд тэд байгальд 7, 8 жил насалдаг. Харин хүний гар дээр бол 10 гаруй жил амьдрах боломжтой.

-Эдгээр зэрлэг амьтдыг цаашид олон хөлийн газар байлгаж болох уу? Эсвэл шилжүүлэн нутагшуулах шаардлагатай юу?

-Хүний болон амьтны эрх талаасаа бол хярсны гэр бүлийг хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Цэцэрлэгт хүрээлэнд тэдний амьдарч буй байршлуудад тэмдэглэгээ хадах ч юм уу. Гол нь иргэдийн зүгээс болгоомжтой байх үүднээс өхөөрдөж ойртохгүй байх, үргээж явуулах, хоол тэжээл тавьж өгөхгүй байх хэрэгтэй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-БЭЛЧЭЭР СҮЙТГЭХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭ АВЪЯ ГЭВЭЛ ХЯРСЫГ ГОВЬД НЬ НУТАГШУУЛЖ ТОО ТОЛГОЙГ НЬ ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ-

-Хярс нь хаана нутагшдаг амьтан бэ? Байгалийн тэнцвэртэй байдалд үзүүлэх нөлөөлөл байдаг уу?

-Хярс бол говь талаар нутагладаг амьтан. Мөн судлаачдын үзэж буйгаар нэг хярс өдөр 22-24 үлийн цагаан оготно иддэг. Манай хөдөөгийн малчид “Бид яаж үлийн цагаан оготноо цөөлөх вэ. Энэ чинь бэлчээргүй болголоо” гэж яриад байдаг. Тэгэхээр үлийн цагаан оготныг бэлчээрийн газарт тоо толгойг нь баръя. Бэлчээр сүйтгэхгүй байх арга хэмжээ авъя гэвэл хярсыг говьд нь нутагшуулж тоо толгойг нь өсгөх хэрэгтэй.

-Таны хэлж буйгаар хярс говьд байдаг амьтан гэсэн шүү дээ. Тэгвэл яагаад говиор үзэгдэхээ байж хангай газар буюу хүрээлэн гэх мэт газарт нутаглах болов?

-Яагаад хөдөө хээр гэр орчимд нь хярс байхгүй байна гэхээр хөдөөгийн айлууд нохойгоо уядаггүй. Нохойноос айн шүү дээ. Хотод яагаад илүү их ирэх болсон бэ гэвэл хярс өөрөө жижиг биетэй учраас үнэг, чоно гэхчлэн махчин араатан амьтдаас дайждаг. Хүрээлэн буюу энэ бүх энэ хэсэгт бэлэн хоолтой амьдрах, тааламжтай орчин нь байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-ХҮН ХЭТ ОЙРТОХОД ЭЦЭГ ЭХ НЬ ЗУЛЗАГАА ХАМГААЛЖ ХҮН РҮҮ ДАЙРАХ ҮЙЛДЭЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ-

-Өвчин тараах эрсдэлтэй гэлээ. Хярс өөр хүнд аюултай үйлдэл гаргадаг уу? Дайрах ч гэх юм уу?

-Зэрлэг амьтан хэдий ч хярс хүн ойртохгүй л бол халдахгүй. Өөрөө үргэж алга болно. Гэхдээ ямар ч амьтан өөрийгөө хамгаалах үйлдлийг байгалийн хуулиараа  үзүүлдэг шүү дээ. Тэд хүн ойртох үед хоол өгч байна. Намайг өхөөрдөж байна гэж ойлгохгүй. Тийм учраас зэрлэг махчин амьтдаас хүн рүү дайрах авир гарахыг бол үгүйсгэхгүй. Ялангуяа зөнжгүүд нь эцэг эхийгээ хоолонд явсан хойгуур үүрнээсээ гарсан тохиолдолд хүн хэт ойртоход эцэг эх нь зулзагаа хамгаалж хүн рүү дайрах үйлдэл хийх боломжтой.

-Бидэнтэй ярилцаж, уншигчдад маань мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа.

Түүнчлэн уг асуудалд Нийслэлийн байгаль орчны газраас тайлбар хийхдээ, “Хярсны хувьд хотын хэмжээнд элбэг тохиолддог Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмоор элбэг тархсан байдаг. Бид тэднийг шилжүүлээд Улаанбаатар хотоос хол тавьж болно. Гэхдээ тэд буцаад л хүрээд ирэх амьтад юм. Хэрэв үүр рүү нь ойртох, биед нь хүрэх гэх мэт үйлдэл гаргавал дайрч магадгүй. Харин зүгээр явж байгаа хүн рүү дайрах үйлдэл хийхгүй” гэсэн юм.




Өнөөдөр хулгана өдөр

56 минутын өмнө