Монголын шигшээ баг “В” хэсгийн сүүлийн тоглолтоо Йементэй хийж, 2:0-ээр хожлоо

Монголын шигшээ баг “В” хэсгийн сүүлийн тоглолтоо Йементэй хийж, 2:0-ээр хожлоо

Монголын шигшээ багийн залуус анх удаа Азийн АШТ-ий урьдчилсан шатны эцсийн шатанд шалгарсан. Монголын шигшээ “В” хэсгийн сүүлийн тоглолтоо Йементэй хийж 2:0-ээр хожлоо.

Энэ шатны анхны гоолыг тоглолтын 9 дэх минутад Европ тивд мэргэжлийн хөлбөмбөгчнөөр тоглодог Г.Ганбаяр оруулж багтаа ялалтыг авчирлаа. Мөн гоёмсог хаалтуудаараа хөгжөөн дэмжигчдийн хайрыг татаж чадсан хаалгач Э.Мөнх-Эрдэнэ эхний гоолын дамжуулалтыг өгсөн гэдгийг дурдах нь зүйтэй.

Нэгдүгээр үеийг тэргүүлж дуусгасан манай залуус шийдвэрлэх хагаст давамгайллаа улам бүр баталгаажуулж тоог 53 дахь минутад 2:0 болгожээ. Шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос баруун жигүүрийн хамгаалагч О.Оюунбаатарын толгойд дамжуулахад, О.Оюунбаатар торгуулийн талбайд унагаж өгснийг Г.Ганбаяр найдвартай төгсгөсөн юм.

Үлдсэн хугацаанд шигшээ багийн залуус хамгаалалтдаа нягт байж үр дүнгээ хамгаалж чадлаа. Энэхүү хожил нь Монголын шигшээ багийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд байгуулсан анхны хожил билээ.