Эрэлч нохдыг чадавхжуулах сургагч багш Их Британиас Монголд ирлээ

Эрэлч нохдыг чадавхжуулах сургагч багш Их Британиас Монголд ирлээ

Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газраас “Монгол Улсын Эрэлч нохойн албыг чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд эрэлч нохдыг чадавхжуулахаар Их Британиас сургагч багш Монголд ирлээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Вест Мидландын Цагдаагийн газрын Албаны нохойн сургалтын нэгдсэн төвийн Гөлөг хөгжүүлэх хөтөлбөрийн сургагч багш Эмма Салвони албаны нохой ашигладаг төрийн байгууллагуудын алба хаагчдад олон улсын албаны нохойг сургах сургалтын арга барил, туршлагыг танилцуулах, тэднийг чадавхжуулах сургалт орж эхэллээ. Сургалт Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд 14 хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Дээрх сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Улаанбаатар Төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг, Иргэний нисэхийн үндэсний төв, Монголын Эрэлч нохойн холбоо зэрэг төрийн болон төрийн бус есөн байгууллагын 20 гаруй алба хаагч, ажилтан, албаны нохойн хамт хамрагдаж байна.

Эх сурвалж: ЦЕГ