Ч.Батжаргал: Хүрэн морь маань гүйх нь байтугай адуунаасаа ч холдохгүй байгаа /ВИДЕО/

Ч.Батжаргал: Хүрэн морь маань гүйх нь байтугай адуунаасаа ч холдохгүй байгаа /ВИДЕО/

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр "Голомт хээр", Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас  Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр "Гал хүрэн" морьд эх нутгаа зорин 1000 гаруй км замыг туулан гүйж нутагтаа очсон тухай бид мэдээлж байсан.

Мөн "МОНГОЛ МОРИНЫ ГАЙХАМШИГ" баримтат нэвтрүүлгийн гол дүр "Гал хүрэн" морины эзэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэн А.Батжаргалын талаар бид өмнөх сурвалжилгаараа хүргэсэн. Тэгвэл бид энэ удаа "Гал хүрэн" морины уугуул эзэн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нэгдүгээр багын малчин сумын алдарч уяач Ч.Батжаргалтай холбогдож ярилцлаа.

ВИДЕО: 

-Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Би Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нэгдүгээр багын малчин сумын алдарч уяач Чулуунпүрэвийн Батжаргал гэдэг хүн байна.

-Гал хүрэн морийг хэзээ ямар хүнд  өгч байв та?

-Би 2015 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хэдэн морь уяж, өөрөө ачиж очсон юм. Дараа нь Бат-Өлзий сумаасаа Өвөрхангай аймгийн Уянга сум руу очсон.  Тэгээд н.Баатар гэдэг хүнд соёолон хүрэн морь зарж байсан юм.

-Анхны эзнээсээ хойш гурван хүн дамжсан гэсэн. Өмнөх эзэн нь уяж байсан болов уу?

-Уяна гэж л худалдаж авч байсан юм. Яг яасныг нь бол сонсож байгаагүй.

-Тэгэхээр долоон жилийн хугацаанд хүрэн мориноосоо ямар ч сураг сонсоогүй гэсэн үг үү?

-Тиймээ. Яаж явааг нь ч мэдээгүй хол газар шүү дээ.

1236 км гүйсэн "Гал хүрэн" морь 2022 оны тавдугаар сар

-“Монгол морины гайхамшиг” төсөл хэрэгжиж эхэлснийг та хэзээ мэдсэн бэ? Ю.Үнэнбүрэн гуай тантай холбогдсон уу?

-Өнгөрдөг дөрвөн сард надаас анх авсан эзэн яриад хүрэн морь гүйх гээд байна. Ийм баримтат нэвтрүүлэг хийнэ. Ю.Үнэнбүрэн ах холбогдох байх гэж хэлээд надад утасны дугаарыг нь өгсөн. Ю.Үнэнбүрэн ах над руу яриад хүрэн морь гүйлгэх гэж байна. Юу гэдэг нэртэй ямар газар очих адуу вэ гэж нутаг ус асууж бид ярилцаж манай унаган адуу гэдгийг хэлсэн. Тэгээд удаагүй нэвтрүүлэг эхлээд Говь-Алтай аймгаас хээр морь авчирч ижилсүүлээд хамт гүйлгэсэн тухай анхны лайв /facebook live/ гараад би Ю.Үнэнбүрэн ахтай холбогдож асуусан. Тэгсэн хоёр морь гүйж эхэллээ гэж мэдэгдсэн.

-Дэлхийн морьтон хуудас дээр морьдын тухай олон шууд бичлэг явсан шүү дээ. Гүйх явцад нь мэдээлэл авч байсан уу?

-Үздэг байсан. Анх гүйж эхэллээ гэдэг шууд бичлэг гарснаас нь эхлээд бүх бичлэг зургийг нь үзэж байгаа юм. Манайхан чинь лайв хэзээ гарах бол гээд л тэрийг хүлээгээд, одоо хаана явж байгаа бол гэж бодоод, лайв гарахгүй байвал Ю.Үнэнбүрэн ах руу залгаж ярьдаг байсан. Тэгээд “Одоо хаана явж байна” гэж асуудаг байсан.

-ИЖИЛДЭН ДАССАН ХЭЭР МОРИНООСОО САЛААД НААШАА ЯВАХ БОЛОВ УУ ГЭЖ ЯРИЛЦАЖ БАЙТАЛ САЛААД ГАНЦААРАА ЯВЛАА ГЭХЭД ЁСТОЙ БАЯРЛАЖ,ОМОГШИЖ БАЙЛАА-

Гал хүрэн, Голомт хээр морины хамт 2022 оны зургадугаар сар

-Долоон жилийн дараа хүрэн морио нутаг руугаа гүйж явахыг үзээд танд төрч байсан сэтгэгдлээ хуваалцаач?

-Бахархаад л догдлон үзнэ. Тэгээд Мөнххаан суманд ирээд ижилдэн дассан хээр мориноосоо салаад наашаа явах болов уу яах бол гэж бид яриад, бодоод одоо гүйдэг юм явах болов уу гэж их санаа зовж байсан. Тэгтэл “Салаад ганцаараа явлаа” гэж мэдээ ирээд би ёстой баярлаж, омогшиж байлаа. Ёстой их баярласан шүү.

-Салаад ганцаараа гүйж байсан хүрэн морины урдаас нь Хонгор морь явуулж ижилсүүлсэн гэж яриад байсан? Энэ шийдвэрийг яагаад гаргав. Энэ тухай Ю.Үнэнбүрэн гуай тантай ярьсан уу?

-Тиймээ. Ганцаараа нутаг руугаа гүйж эхлээд удаагүй Ю.Үнэнбүрэн ах над руу яриад “Хээр морио үгүйлээд ганцаараа шөнө ч байсан өдөр ч байсан адуу л харагдвал гүйж очоод байна. Ганцаараа явахгүй байна” гэсэн юм. Та нэг үрээ аваад ирэх үү? Хань болгоод нааш нь явуулмаар байна гэхэд нь би нэг Хонгор морь барьж өгсөн. Одоо яг манай эндээс 150 км газар “Түмэн цогт”-оос урагшаа “Хажуу худаг” гэдэг газар Хонгор морио аваачиж нийлүүлсэн. Тэрнээс хойш нэг хоноод л хоёулаа гүйгээд ирсэн дээ.

-АДУУ ГЭДЭГ АМЬТАН ЧИНЬ ХОРГҮЙ УСЫГ МЭДЭЖ УУЖ, ХОНХОРГҮЙ ГАЗРААР МЭДЭЖ ГАРДАГ АМЬТАН-

-Гүйж яваа моринд гол, төмөр зам хамгийн их саад болдог байх. Хүрэн морь хэрлэн голийг хэрхэн гарав?

-Тэгэлгүй яах вэ. Хонгор морь болон өөр бусад гол гаталж сурсан хэсэг морьдтой нийлж гарсан. Адуу гэдэг амьтан чинь хоргүй усыг мэдэж ууж, Хонхоргүй газраар мэдэж гардаг амьтан шүү дээ.

-Хүрэн морь чинь 1236 км замыг туулаад ижил сүрэг эх нутагтаа ирэх мөчид танд төрсөн сэтгэгдэл ямар байв?

-Аймар гоё байсан. Морио дөнгөж адуундаа орж ирэх агшныг хараад, морио бариад, мориндоо мөргөөд байж байхад аймар гоё байсан. Нүднээс нулимс унаад уйлаад л байсан.

-Нутгийн зон олны сэтгэгдэл ямар байв. Олон хүн очсон байсан шүү дээ?

-Бүгдээрээ л маш их баярлаж байсан. Цагаан-Овоо сумын маань удирдлагууд, 80 настай ахмад хүртэл ирсэн байсан.

Гал хүрэн морины эзэн Б.Эрдэнэхуяг, уулуул эзэн Ч.Батжаргалд морио хүлээлгэж өгч буй нь 2022.06.12

-Гал хүрэн морийг танд хүлээлгэн өгөх гэж эзэн болох Б.Эрдэнэхуяг хүү очсон байсан. Монгол ёсонд хүнээс юм авахад хоосон хадаг буцаадгүй шүү дээ. Нууц биш бол Хүрэн морины эзнийг юугаар мялаав?

- Б.Эрдэнэхуяг гэдэг хүү Хүрэн морио дөрвөн жил тэжээсэн. Би өөрөө унадаг байсан юм. Манай аавд хамаатны ах анх бэлэглэж байсан гэж надад ярьсан. Морь ирэхийн урд өдөр манайд ирсэн. Хүрэн морио хараад баярын нулимс унагаж бахархаж буй харагдсан. Тэгээд тэр хүүд би хадганд нь өөрийнхөө унаган ижилдээ байдаг даага бэлэглэсэн. Сайхан сэтгэлтэй сайн хүү байна лээ. Хүүд маш их баярлаж байгаа.

-ХҮРЭН МОРЬ МААНЬ ГҮЙХ БАЙТУГАЙ АДУУНААСАА Ч ХОЛДОХГҮЙ БАЙГАА-

-Хүрэн морио сэтэрлэж тавьсан гэсэн үү? Тэгэхээр сэтэртэй морийг дээдлэх нутгийн ёс байдаг уу?

-Уяан дээрээсээ шууд сэтэрлэж тавьсан. Тэгэхээр хүн унахгүй. Уяхгүй гэсэн үг юм. Хэд насална тэр болтол нь тэжээж байгаад үхэхээр нь Хүрэн мориныхоо толгойг тахиж, мөргөж явна даа.

-Хүрэн морь гүйж явахдаа нэлээд гэдэс алдсан харагдсан. Нутагтаа ирээд хэд хоног идээшлээд тарга авсан уу?

-Одоо буцаад сайхан болж байгаа. Манай нутаг ч зуншлага сайхан ногоотой байна.

-Адуундаа тогтож байгаа юу? Олон жил гүйх гэж тэмүүлсэн. Дандаа гүйдэг байсан гэсэн?

-Одоо ижил сүрэг, хонгор морьтойгоо хамт байгаа. Адуундаа ирээд их тайвширсан байдалтай байж байна даа. Ер нь манай уяан дээр ирээд л сэтэрлэж байх үед зүв зүгээр аймар тайван гоё болчихсон байсан. Гүйх байтугай адуунаасаа ч холдохгүй байгаа.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумаас гүйсэн "Хүрэн морь" Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд унаган адуундаа ирээд тогтжээ.2022.06.16

-МОНГОЛ МОРЬДЫГ УНАСАН ГАЗАР УУГУУЛ ЭЗЭНД НЬ ЦАГ НЬ БОЛОХООР БУЦААЖ БАЙГААСАЙ-

-Гал хүрэн морины эзэн буян болог гээд тавиад явуулсан шүү дээ. Тэр хүнд хандаж хэлэх үг байгаа юу?

-Миний энэ хүрэн морь дөрөв дахь эзэндээ А.Батжаргал гэдэг хүнд очсон юм байна лээ. Харин А.Батжаргал гэдэг хүн төрсөн нутаг руу нь буян болог гээд явуулсан. Энэ сайхан сэтгэлд нь ёстой баярлалаа. Би тэр А.Батжаргал гэдэг хүнтэй өөрөө очиж танилцана. Ёстой их баярлаж байна.

Гал хүрэн морины тавьж явуулсан эзэн А.Батжаргал 2022.06.10

-Дорнод аймаг хурдан хүлгүүдээрээ алдартай. Зарагдсан морьд ч их байдаг биз. Таны морь долоон жилийн дараа нутаг руугаа тэмүүлсээр байгаад ирлээ. Уяач, домог болж буй хүрэн морины эзэн хүний хувьд та өөр нутагт арилжаалсан Монгол морьдыг хэргийн гаргаад нутагт нь тавих нь зөв гэж боддог уу?

-Монголчууд дээр үеэс морь гүйдэг гэж ярьдаг байсан. Манай нутагт ойроос гүйж ирсэн морьд ч олон бий. Гэхдээ хүрэн морь шиг холоос ирсэн морь бол байсангүй. Тиймээс энэ сайхан явдлаас жишээ аваад Монгол морьдыг унасан газар уугуул эзэнд нь цаг нь болохоор буцааж байгаасай л гэж хүсэж байна.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа

-Та бүхэнд бас баярлалаа.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө