Дугуй цагаан орчмын тохижилтыг наймдугаар сард багтаан дуусгана

Дугуй цагаан орчмын тохижилтыг наймдугаар сард багтаан дуусгана

Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан.

Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл өнөөдөр тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан, бүтээн байгуулалт хийх “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд ажиллан, хэрхэн тохижуулах талаар мэдээлэл өглөө. Тохижилтын ажлыг наймдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 23-нд Дугуй цагаан болон Туул голын эрэг орчмын тохижилттой танилцахад иргэд чөлөөт цагаа өнгөрөөх ая тухтай, ногоон байгуулж бүхий амралт зугаалгын орчин байгуулах хүсэлт маш их тавьж байсан. Энэ үеэр “Энигма” компанийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, орчны тохижилтод анхаарах зэрэг шаардлага тавьж, тохижилтын ажилд нийслэлийн зүгээс хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Тухайн үед “Ковид-19” цар тахал, эдийн засгийн байдал, ачаа тээвэрлэлтийн удаашрал зэргээс үүдэлтэй хүндрэл үүссэнийг ойлгож байгаа. Нэгэнт хөрөнгө мөнгөө зарцуулж, барилга байгууламжаа барьчихсан хувийн хэвшилтэй аль болох ойлголцож ажиллахыг хичээж байна. Хувийн өмч гэдэг бол хуулиар хамгаалагдсан зүйл учраас гомдол гарч байгаа боловч нөгөө талаас ард иргэдийн хүсэлтийг сонсож, түүнд үндэслэн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Нийслэлийн хувьд хуульд заасан зүйл заалт, үндэслэлийн дагуу тусгай хамгаалалттай газар нутгийг чөлөөлж, иргэдэд зориулан тохижуулах гэж байна. Иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой байршилд зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, барилга барьж болохгүй. Төр, хувийн хэвшлийн хүрээнд хотын захиргаа болон аж ахуй нэгжүүд нэг ширээнд сууж ирсэн. Цаашдаа ч мөн нийслэлийн зүгээс бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, засаж сайжруулах зүйл дээр хувийн хэвшилтэй хамтран ажиллана гэлээ.