Монголын иргэншлээс Саид Моллаи татгалзаж, Азербайжаны иргэн болсон тул түүний амжилт, видео зэрэг мэдээллийг нь IJF устгажээ

Монголын иргэншлээс Саид Моллаи татгалзаж, Азербайжаны иргэн болсон тул түүний амжилт, видео зэрэг мэдээллийг нь IJF устгажээ

Ираны тамирчин Саид Моллаи 2019 онд Монгол Улсын иргэншилтэй болж, Токио-2020 зуны олимпд манай улсын нэр дээр оролцож, мөнгөн медаль хүртсэн. Харин тэрбээр өнгөрөгч тавдугаар сар /2022.05/-д Азербайжан улсыг төлөөлөн тэмцээнд оролцох болсон тухайгаа мэдэгдсэн юм.  

Энэ талаар Саид Моллаи хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо маш их баяртай байгаа. Биднийг дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны Парисын зуны олимп хүлээж байна. Бидэнд цаг маш бага байна, өндөр амжилт үзүүлж, Азербайжан улсын тугаа өндөрт мандуулахын төлөө би чадах бүхнээ хийх болно” гэсэн байдаг.

Харин түүний энэхүү мэдэгдлийн дараа түүнийг Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ гаргасан гэх албан бус мэдээлэл гарсан.

Иймд Саид Моллаи, “Би Монгол Улсын иргэншилтэй хэвээр байгаа. Би бол Монгол Улсын паспорттой Монголын иргэн Саид Моллай. Азербайжан Улсын өмнөөс барилдах хоёр жилийн гэрээ хийсэн. Ирэх олимп бол миний сүүлийн олимпын наадам байх болно. Би 81кг-д барилддаг Монголын залуу тамирчдад боломж олгох хэрэгтэй гэж бодож байна. Би тэдэнд боломж олгох ёстой. Би Монгол Улсын иргэн. Ирэх олимпт л Азербайжаны өмнөөс оролцох болно. 2024 онд болох Парисын олимпын дараа би зодог тайлах болно. Зодог тайлсны дараа би дасгалжуулагч болохоор төлөвлөж байна. Монгол Улсад эргэн очоод залуу тамирчдыг дасгалжуулах болно” гэж мэдэгдсэн.

Иймд түүний Монгол улсын иргэншлээс татгалзахгүй нь гэсэн сэтгэгдэл зарим иргэдийн дунд үлдсэн гэхэд болно. 

Тэгвэл Саид Моллаи Монгол Улсын иргэншлээс татгалзаж, албан ёсоор Азербайжан улсын  иргэн болсон байна. Иймд тэрээр иргэншлээ сольсонтой холбоотойгоор Олон Улсын Жүдо Бөхийн Холбоо /IJF/-ны албан ёсны вэб сайтаас Саид Моллаин өмнөх амжилт, барилдааны зарим бичлэг, гэрэл зургуудыг устгасан байна. Харин тэрээр Дэлхийн чансаанд хэвээрээ буюу -81кг-ын жиндээ эхний зургадугаар байрт бичигджээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Олон Улсын Жүдо Бөхийн холбооны вэб сайтаас Саид Моллаи амжилт, бичлэг, гэрэл зураг зэргийг устгажээ