"Би охиныг мөргөчхөөд загнаагүй. Эмнэлгээс "зүгээр байна" гэсэн хариу гарсан ч охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн"

"Би охиныг мөргөчхөөд загнаагүй. Эмнэлгээс "зүгээр байна" гэсэн хариу гарсан ч охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн"

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 17 дугаар гудамжид "Приус-20" маркийн автомашины жолооч есөн настай охиныг мөргөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд түгж, иргэд сэтгэгдэлээ илэрхийлж буй.

Энэ талаар хохирогч охины ээж өөрийн цахим хуудастаа “Охиныг минь хичээлийн завсарлагаанаар хүнсний дэлгүүр орох гэж явахад нь "Приус-20" маркийн автомашины жолооч мөргөж, элгийг нь бяцалсан байсан. Гэтэл жолооч эмэгтэй охиныг минь эмнэлэгт хүргэж өгөх нь битгий хэл “Замаа харж яваач” гэж загнасан байна лээ. Тиймээс охин минь айсандаа “Зүгээр, зүгээр” гэж хэлсэн байна. Хэрэг нь хаагдсан хэн ч хариуцлага хүлээхгүй байна” гэсэн утга бүхий текст, ослын камерын бичлэг, охины эмнэлэгийн орон дээр хэвтэж буй зураг оруулсан.

ВИДЕО:

Тэгвэл тухайн өдөр юу болсон талаар охиныг автомашинаар мөргөсөн жолооч М-ээс ergelt.mn сайт тодруулсан байна.

Тэрбээр ярилцлага өгөхдөө, Би тэр охиныг мөргөсөн нь үнэн. Тухайн үедээ сандраад түргэн дуудаагүй нь миний буруу. Би буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би тэр охиныг дайрчихаад сандарч автомашинаасаа буугаад “Зүгээр үү. Аав, ээж, багш нарынхаа дугаарыг өгчих. Хоёулаа эмнэлэг явъя” гэсэн. Гэтэл охин “Би зүгээрээ” гээд хэн нэгний дугаарыг өгөхөөс татгалзсан.

Олон удаа асуусны эцэст “Зүгээр. Та санаа зовох хэрэггүй” гээд байхаар нь яваад өгсөн юм. Би хүүхэд дайрчихаад юу гэж загнах билээ дээ.

Намайг ослын газраас зугтсан гэж үзэж байгаа. Тэр охины үгэнд орж явсан нь миний буруу байсан. "Мэдсэн бол охиныг автомашиндаа хүчээр суулгаад эмнэлэгт хүргэх байж дээ гэж бодож байна.

Осол болдог өдөр ээж нь түргэн дуудаж охиноо ГССҮТ-д хүргэж, үзүүлсэн байна лээ.

Эмнэлгээс "Зүгээр байна" гээд гэрт нь буцаасан байсан. Тэгээд ээж нь надтай хамт тэр өдөр Тээврийн цагдаагийн газар өнжсөн. Тэгээд охины ээж надаас 10 сая төгрөг нэхсэн.

Би 10 сая төгрөг өгөх боломжгүй гэдгээ хэлтэл долоон сая төгрөг нэхэж, намайг янз бүрээр айлгаж, сүрдүүлсэн. Би хүүхдийн эмчилгээний зардал гэж 500 мянга гаруй төгрөг өгсөн. Охин нь Гэмтлийн эмнэлэгт долоо хоног хэвтсэн юм билээ. Шүүх эмнэлэгт шинжилгээ өгтөл "Зүгээр" гэсэн онош гарсан. Ээж нь "Шүүх эмнэлгийн дүгнэлтэд итгэхгүй байна. Дахин шинжилгээ өгнө” гэх хүсэлтээ өгчихсөн байгаа. Охин одоо гэртээ байгаа.

Би цагдаад охины ээжийг мөнгө нэхсэн тухай нь хэлсэн. Гэтэл цагдаа "Энэ хэргээр мөнгө наймаалцаж болохгүй. Хуулийн дагуу асуудлыг чинь шийднэ. Хүүхдээ эмнэлэгт үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж, эмчилгээнийх нь төлбөрийг даах ёстой" гэсэн.

Тэгээд намайг мөнгө өгөхөө больсноос хойш охины ээж олон нийтийн сүлжээнд ослын бичлэг оруулж, ажилдаа явж чадахгүй байгаа учир цалингын нөхөн олговор өгөхийг шаардаж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Ergelt.mn