ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ: Хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг хасаж эхэллээ /ВИДЕО/

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ: Хурд хэтрүүлсэн жолооч нарын эрхийг хасаж эхэллээ /ВИДЕО/

Зуны улиралд иргэд амарч, зугаалах зорилгоор хөдөө орон нутгийг ихээр зорьдог. Үүнийг дагаад зам тээврийн ослын тоо нэмэгддэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг болзошгүй ослоос урьдчилан хамгаалах зорилгоор улсын хэмжээнд “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяныг зохион байгуулж байгаа.

Аяны хүрээнд урьдчилсан сэргийлэх олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь хяналт шалгалт. Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ" аяны хүрээнд зам тээврийн ослын нэг шалтгаан болдог хурд хэтрүүлэх зөрчил хэрхэн үйлдэгдэж байгаад хяналт шалгалт хийлээ. Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн авто зам дээр явагдсан уг шалгалтыг бид сурвалжиллаа.

ВИДЕО: 

Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэх, суудлын бүсээ зүүхгүй байх, бага насны хүүхдийг буруу тээвэрлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодох, хэт ядарч, анхаарал суларсан үедээ жолоо барих гэхчлэнгийн зөрчил гаргаж, улмаар энэ бүхнээс үүдэж, эрдэнэт хүний амь нас эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол ихээр гардаг.

Сүүлийн жилд дунджаар 500 гаруй хүн зам тээврийн ослоор нас барсан. Үүний 50 орчим нь бага насны хүүхэд байна. Эдгээр ослын 60 орчим хувь нь урин дулааны цагт гардаг.

Тиймээс “Аажуу явбал аяндаа хүрнэ" аяны хүрээнд 21 аймаг болоод Улаанбаатар хотын орох, гарах идэвхтэй хөдөлгөөний уулзвар дээр байнгын хяналт тавьж байна гэдгийг ТЦА албаны ЗЦГ-ын нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат онцолж байлаа. Тээврийн цагдаагийн албаны болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид зориулалтын хурд хэмжигчээр тухайн автомашины хурдыг хэмжиж, замын хөдөгөөний дүрэмд заасан хэмжээнээс хурдаа хэтрүүлсэн жолоочийг зогсоож, улмаар гаргасан зөрчлийг танилцуулж, торгох, эрх хасах гэх мэт арга хэмжээнүүдийг авсан юм.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хурд хэтрүүлсэн жолооч нар “Хэдэн км цагийн хурдтай явснаа анзаараагүй”, “Байнга хурд хэтрүүлдэггүй”, “Согтуу жолоо барьсан биш хэдхэн км цагийн хурд хэвтрүүлсэн шүү дээ. Энэ нь тийм сүртэй зүйл биш. 20, 30 жилийн өмнө нь хурдны дээд хэмжээ 80 км цаг гэдэг байсан. Одоо орон нутгийн замын хурдны дээд хэмжээг 100 км болгох хэрэгтэй. Хууль тогтоомжийг нь өөрчлөх цаг болсон”, “Би яаруу ажилтай явж байна. Миний ажил алдагдвал хариуцлагыг нь та нар хүлээх үү. Миний амь нас эрсдэх нь та нарт ямар хамаатай юм” гэгчлэнгээр байр сууриа илэрхийлж байв.

Мөн зарим жолооч нар хурд хэтрүүлсэн, суудлын бүсээ зүүгээгүй нь эрүүл мэнд, амь нас эрсдэх, хайртай дотны хүнээ эрсдэлд оруулж байгаа гэдгээ ухамсарлаж байсан юм. Улаанбаатар-Өмнөговь чиглэлийн авто зам дээр жолооч нар ойролцоогоор 80-130 км цагийн хурдтай зорчиж байгаатай бид таарсан. Цагдаагийн алба хаагчид Зөрчлийн тухай хуульд зааснаар “Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсний дагуу орон нутгийн замд 130 км цагийн хурдтай зорчиж явсан жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан бол 130 км цагаас доош хурд хэвтрүүлсэн жолоочид торгох, зөрчлийн оноо хасах арга хэмжээ авч байсан юм.  

ТЦА урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Урин дулааны цаг ирж, иргэд амарч зугаалахаар орон нутгийг ихээр зорьж байна. Харин энэ үедээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар нягталж, замын хөдөлгөөний дүрэмд заасан хурдаар зорчиж болзошгүй эрсдлээс өөрийгөө болоод хайртай дотны хүмүүсээ хамгаалах хэрэгтэй байна. Жолоочдын хайхрамж болгоомжгүй байдлаас хамааран техник хэрэгслийн эвдрэлээс эхлээд хүний эрдэнэт амь нас яригддаг учраас жолоо барьж яваа хүн бүр ямагт хариуцлагатай байх хэрэгтэй байна. Ихэнх жолоочдыг анзаарвал хэдэн километр цагийн хурдтай явснаа ч сайн мэддэггүй дээрээс нь суудлын бүсээ зүүдэггүй. Энэ нь өөрсдийг нь болзошгүй эрсдэлд оруулж байгааг сайтар ойлгох хэрэгтэй” хэмээн анхааруулж байлаа. Мөн ямагт машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж зам гарч байхыг уриалж байлаа.

Хүмүүсийн амралт зугаалга, баяр наадам, нойргүй ядранги байдал, архи согтууруулах ундаатай холбоотойгоор ийнхүү ар араасаа гарч буй зам тээврийн ослоос иргэдийг урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх үүднээс бид энэ сурвалжилгыг бэлтгэлээ.