Тээшиндээ 109 амьтан хийж, хил давуулах гэж байсан этгээдийг Бангкокийн нисэх онгоцны буудлаас илрүүлжээ

Тээшиндээ 109 амьтан хийж, хил давуулах гэж байсан этгээдийг Бангкокийн нисэх онгоцны буудлаас илрүүлжээ

Тайландаас Энэтхэгийн Ченнай хот руу нисэх гэж байсан 24-38 насны энэтхэг эмэгтэйчүүд Бангкокийн Суварнабуми нисэх буудлаас өнгөрсөн даваа гарагт тээшиндээ 109 амьтан авч орохыг завдсан хэрэг гарсан талаар CNN агентлаг мэдээллээ.  

Тодруулбал, эмэгтэйчүүд хоёр цагаан үхэр зараа, хоёр армадилло, 35 яст мэлхий, 50 гүрвэл, 20 могойг хоёр чемоданд хувааж хийсэн байсныг хэт ягаан туяаны шалгалтаар илрүүлсэн байна. Улмаар тэдгээр амьдтыг Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ан амьтан, ургамал хамгааллын газар илгээжээ.  Амьтдыг хил давуулах гэж байсан эмэгтэйчүүдийг 2019 онд батлагдсан Зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай хууль, 2015 оны Амьтны өвчлөлийн тухай хууль, 2017 оны Гаалийн тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа аж.

Нисэх буудлаар амьтан хил давуулах зөрчил  энэ бүс нутагт ихээр гардаг байна. Тухайлбал, 2019 онд Бангкокоос Ченнай руу зорчих гэж байсан хүн тээшиндээ нэг сартай ирвэсний зулзага авч гарахыг завдаж байжээ.

Ан амьтан худалдаалахыг хянадаг агентлагаас 2022 оны гуравдугаар сард гаргасан тайланг харахад, 70 мянга гаруй ховор, зэрлэг амьтан хил давуулсныг Энэтхэгийн хил дээрээс хурааж авсан байна. Энэ нь 2011-2020 оны тайлан бөгөөд энэ нь140 удаагийн тохиолдол аж.

Ц.Хүслэн