М.Энхсайхан: Орост үйлчилсэн хүмүүс "Тавантолгойн мега" төслийг унагаж, намайг шоронд оруулсан /ВИДЕО/

М.Энхсайхан: Орост үйлчилсэн хүмүүс "Тавантолгойн мега" төслийг унагаж, намайг шоронд оруулсан /ВИДЕО/

www.isee.mn мэдээллийн сайтаас “Редакцын ярилцлага” шинэ контентыг хүргэж байна. Энэ бол онцлох зочныг редакцадаа урьж нийгэм, улс төр, эдийн засаг гэх мэт бүхий л сэдвээр хаалтгүй, нээлттэй ярилцах цаг юм. Нэвтрүүлгийн эхний дугаарт Ерөнхий сайд асан М.Энхсайхан оролцож цаг үеийн асуудлаар санал солилцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

ВИДЕО: 

- ХОТЫГ ХӨГЖҮҮЛЭХ АЖИЛ ДЭЭР Д.СУМЪЯАБАЗАР ДАРГАТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА-

-Сайхан зусаж байна уу. Сүүлийн үед ямар ажил, алба эрхэлж байна. Хотын дарга Д.Сумъяабазар таныг зөвлөхөөрөө ажиллахыг урьсан шүү дээ. Саналыг нь хүлээн авч хамтарч ажиллаж байна уу?

 -Олон жил төрийн албанд ажилласан хүн зүгээр сууж чаддаггүй юм байна. Тиймээс Монголд хамаарах тулгамдсан асуудлуудаар янз бүрийн судалгаа хийж, олон хүнтэй харьцаж аль болох саналаа хэлж туслахыг эрмэлздэг. Тэдний нэг нь хотын дарга. Бодлогын асуудлын хүрээнд “Тэгвэл яадаг юм. Ингэвэл яах вэ” гэж яриа өдсөн зүйл бий. Манай хотын хувьд орлого багатай. Уул, уурхайн орлогод түшсэн буюу хөдөөгөөс аймаг, хот руу нүүх байдлаар хотжилт явагдсан. Гэтэл хөдөлмөрийн бүтээмжид түшсэн хот байх ёстой юм. Учир нь хүн амын бөөгнөрөл үүсэж байж зах зээл нягтаршил өндөртэй болдог. Энэ зах зээл дээр бизнес, үйлдвэржилтээ зохион байгуулахын тулд төрөлжилт өндөр болдог. Үүнд түшсэн хот ирээдүйтэй. Тэгэхээр уул, уурхайн орлогод түшсэн хотыг яаж бүтээмжид түшсэн хот болгох вэ гэсэн концепцийн асуудал бий. Олон оронд энэ асуудал тулгарч байна. Уул, уурхайн орлого тасарчихаар хот бие даагаад явчих боломжгүй болчихдог. Үүнтэй адил уул, уурхайн орлого тасарвал Улаанбаатар ч ялгаагүй өөрөө өөрийгөө аваад явчих чадалгүй болно. Үндсэндээ улсын төсвөөс хараат. Тиймээс энэ нөхцөл байдлыг өөрчлөх асуудал хэзээ нэгэн цагт хийгдэх ёстой. Аль болох хурдан хийвэл зүгээр.

Энэ асуудлаар Д.Сумъяабазар даргатай зөвлөлдсөн. Өөрөө их сонирхож “ Та ажиллаач” гэсэн. Тэгээд хэдэн залуустай нийлээд юутай ч оролдоод үзье гээд хийж байгаа. Мэдээж нэг амаар шийдэх ажил биш. Алхам, алхмаар хийнэ гэж бодож байна.

- Таныг Ерөнхий сайдаар ажиллаж байсан үе буюу 1996-1998 оны хооронд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан. Тухайн үед зөв бодлого хэрэгжүүлж байж тулгамдсан асуудлыг хохирол багатай даван туулсан гэж зарим хүн ярьдаг. Яг үүнтэй адил өнөөдөр Монголын эдийн засагт хүнд сорилт тулгараад байна. Тухайлбал, Хятад ковидтой, Орос  дайнтай хил гааль хаалттайгаас эхлээд өчнөөн асуудал бий. Яг энэ үед манай Засгийн газар нэн тэргүүнд ямар бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэж та харж байгаа вэ? 

-Ганц үгээр бүх зүйл өөрчлөгдөхгүй. Нэлээн нухацтай ажиллах ёстой. 1996 онд анхны Ардчиллын Ерөнхий сайд болж байхад гаднын хөрөнгө оруулалт байгаагүй. Нэг хүнд ногдох гаднын хөрөнгө оруулалт 10 доллар байсан. Дотоодын нийт бүтээгдэхүүн 200-300 доллар байсан юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлд шилжин дэвшил гарч нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4000 доллар гарсан. Чамлалтгүй өсөлт шүү дээ. Тиймээс энэ өсөлтийг цааш нь яаж үржүүлэх вэ гэдэг асуудлын өмнө ирээд байна.

Харамсалтай нь оюун санааны хоцрогдолд орсон, хуучин нийгмээ санагалзсан, урд хойд хөршөө үлгэр загвар гэж буруу ойлгосон нөхцөлд бэрхшээл учирч байгаа.

Тухайлбал, гаднын хөрөнгө оруулалтыг буруушаах хандлага нийгмийн зарим хэсэгт байна. Үнэндээ гаднын хөрөнгө оруулалт нь аль ч орны хувьд гол чухал асуудал нь байдаг. Хамгийн их  хөрөнгө оруулалтыг татдаг орон бол АНУ. Үүний хүчинд эдийн засаг нь хүчтэй байдаг.  Дараа нь Хятад, Хонконг, Сингапур улс гаднын хөрөнгө оруулалтыг татсаны хүчинд эдийн засаг нь өсдөг. Харин Монголын хувьд гаднын хөрөнгө оруулалт нэлээн шавхагдаад байна. Тэгэхээр “Та нар хүрээд ир. Ор, ор” гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Бид итгэлийг нь алдсан. Итгэлийг сэргээхийн тулд олон чиглэлээр ажиллах ёстой. Хамгийн эхэнд бизнесийнхэн болон төрийн байгууллагууд нягтлан бодох тайлан бүртгэлээ олон улсын стандартад оруулах ёстой. Тэгж чадаагүй учраас гаднын хөрөнгө оруулалтын компаниудтайгаа маргаан үүсгэж олон улсын арбитрын шүүхэд ялагддаг нөхцөл байдал үүссэн. Олон улсын стандартад бус үндэсний стандартдаа нийцүүлж  буруу, зөв ойлголт үүсгэсэн зөрчил гаргадгаасаа болоод хөрөнгө оруулагчдын итгэлийг алддаг.  Тэгэхээр бид чимхлүүр ажил их хийж байж эдийн засгийг өсгөх өөр бололцоог бий болгоно.

-Тэгэхээр Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого хэр зөв, оновчтой байна гэж та харж байна?

-Цаанатай, наанатай гэж хэлэхгүй бол болохгүй. Гэхдээ улс орныг урагш чирсэн үр дүн харагдахгүй байна. Яагаад гэвэл асуудлын гүн рүү орж шинжлэх ухаанчаар судалж гаргалгаа гаргалаг түүнийхээ төлөө  зүтгэдэг чанар дутагдаж байна. Улс төрийн үзэл баримтлал нь тэр чигээрээ популизм болчхож. Эрх баригч намаас эхлээд сөрөг хүчин нь хүртэл популистуудаар дүүрсэн.  Популизм бол их нимгэн хөрстэй үзэл санаа. Гүнзгий шинжлэх ухааны үзэл бодол биш. Асуудлыг гүнзгий ойлгоогүй нимгэн боловсролтой хүмүүс хуучин нийгмээсээ зээлэх гэж оролдохоос гадна хуучнаар сэтгэж түүнийгээ шинэчлэл гэж буруу ойлгож ярьдаг. Үүнээс болоод бодлогын ажлууд Монголд өгөөжөө өгч чадахгүй байна.  Нэмээд нэрмээс хэцүү байдлууд мөн үүссэн. Ковид эдийн засагт цохилт өглөө. Мөн хойд хөрш Украин руу халдан түрэмгийлсэн дайн хийж өөрөө  олон улсын хоригт орсон. Эдийн засгийн том хориг зөвхөн Орост биш олон орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Энэ мэт хүндрэл бэрхшээлд орчхоод байна. Тиймээс одоохондоо эерэг үр дүн харахгүй байна. Гэхдээ хүчээ, оюун санаагаа нэгтгэх ёстой гэж хэлмээр байна. Бид гаднын хөрөнгө оруулалтаа хөөгөөд гаргачихсан учраас зээл их авсан. Гадаад өрөө дийлэхгүй учраас дампуурал руу ойртсон нөхцөл байдалтай байна. Дэлхийн хаана ч байхгүй гадаад өртэй.

-Хэрвээ та энэ цаг үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан бол ямар бодлогын ажлуудыг хийх байсан бэ? 

 -Хийх зүйл олон.

- Тухайлбал? 

-Тухайлбал, хяналтын байгууллагуудыг үйл ажиллагаагаа зогсоочих гэж хэлнэ.  Учир нь хувийн хэвшил л эдийн засгийг хүнд байдлаас гаргадаг. Тэгэхээр хувийн хэвшлийг дарамталдаг, шалгадаг хяналтуудыг энэ хэцүү цагт зогсоох хэрэгтэй. Энэ нь чөлөөт байдлыг бий болгоно. Чөлөөт байдал, зах зээлийн чөлөөт байдалд ажиллах бололцоог олгох нь хямралаас хурдан гаргана. Мөн Засаг төр аливаа зүйлийн үнэ тогтооход оролцохгүй байх хэрэгтэй. Үнэ тогтоох гэдэг нь зах зээлд дайсагнаж байгаатай адил. Бараа үйлчилгээний үнэ, банкны хүү, иргэдийн цалинд оролцдоггүй байх хэрэгтэй. Зах зээлийн амин сүнсийг хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Тэгэж байж хямралыг хурдан давах нөхцөл бололцоо бүрдэнэ.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан, isee.mn сайтын ерөнхий редөктор Т.Хулантахь

-ОРОСУУД ДАЙН ӨДӨӨЖ ТҮҮНДЭЭ ЯЛАГДАЖ БАЙГАА ОРОН-

-Орос, Украин руу довтлоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Таны хувьд Оросын үйлдлийг шүүмжилсэн байр, суурийг өмнө нь илэрхийлж байсан. Таны тэр байр, суурийг өнөөдөр мөн тодотгомоор байна. Мөн үүнтэй холбоотойгоор дэлхийн геополитик өөрчлөгдөж байгааг та хэрхэн харж байна?

-Энэ бол дайн. Оросууд өөрсдийнхөө үйлдлийг тусгай  ажиллагаа гэдэг. Гэхдээ юу гэж нэрлэхээс үл хамаараад НҮБ-ын дүрэм, Женевийн конвенцыг харвал тусгаар улс руу довтолж буйг дайн гэж томьёолохоос өөр аргагүй. Дайн өдөөж буй орон “Цэргийн тусгай ажиллагаа. Манай цэргийн адал явдал” гэх мэтээр юу гэж ч нэрлэж болох ч агуулгыг өөрчилж чадахгүй. Тэгэхээр дайн болж байна.  Хоёрдугаар сараас хойш энэ дайн шатлан өргөжиж олон орон татагдан орохоор байна. Хэзээ сэргэхийг хэлж мэдэхгүй. Тэгэхээр энэ нь дэлхийн гео улс төрийн нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж байна. Үүнтэй холбоотойгоор Монголд улс төрийн нөхцөл байдал ямар байгаа талаар товчхон санаа хэлчихвэл зүгээр байх.

Миний хувьд үзэж харсан зүйлээсээ хэлэхэд “Хуваа захир” гэж эртний үг бий. 21-р зуунд улс орнууд энэ үгээр яривал хэцүү. Үүний гоёмсог үг нь гео улстөр. Энэ нь эртнээс улс орнуудын дунд яригдсан “Хуваа захир” үгний бодлогын үргэлжлэл. Дэлхийн II дайн дуусахын өмнөхөн 1945 онд Яалтын гэрээг хийсэн. Энэ гэрээнд АНУ, Англи, Орос улс гадаад Монголын статус квог хүлээн зөвшөөрсөн юм. Одоо статус кво гэх ойлголтыг эргэн сөхөх цаг болсон. Энэ нь тухайн үеийн нөхцөл байдал руу  том гүрнүүд оролцохгүй хадгална шүү гэдэг утгатай. Бид 1945 онд статус квог хүлээн зөвшөөрүүлсэн. Үнэн хэрэгтээ тухайн үед бид Оросын дагуул улс болчихсон байсан байхгүй юу. Үүний дараа аажмаар тэмүүлж Цагаан морин жилийн хувьсгалаар бид өөрсдийн бие даасан байдлыг олж авсан. Харамсалтай нь дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд олсон  энэ дэг журмыг Орос ноцтойгоор зөрчиж  Украины руу түрэмгийлж байна. Энэ бол дэлхийн дэг журмыг өөрчлөх гэснээс гадна Монголын хувь заяатай холбоотой асуудал. Тэнд болж буй үзэгдэл зөвхөн ардчилал,  дарангуйлагч  дэглэмийн хоорондын асуудал биш олон орны хувь заяаг хөндөж байна.

Украинчуудын хийж буй баатарлаг тэмцлийг монголчуудын ирээдүй ямар байх вэ гэдгийн төлөө хийж буй тэмцэлтэй адилтгаж болох ойлголт. Миний үр хүүхдүүд энэ нийгэмд амьдрах учраас эрх чөлөөг хамгаалахын тулд ядаж дуу хоолойны хувьд дэмжлэг болох ёстой.

Бид илүү их шинээр харах ёстой. Бие даасан байдлаа хадгалж хамгаалж явах, яаж хөгжих нь үүнээс хамаарч байгаа учраас санаа зовоорой.  Санаа зовж байгаа үед шийдэл олдоно. Тэгэхээр  шийдэл олохын тулд эхлээд санаа зовох ёстой. Шийдлээ олохын төлөө байна гэдэгт санал нэгдэх ёстой.

- Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Оросоос болон Европын орнуудаас манай улсад шахалт ирж байгаа. Тодруулбал, НҮБ дээрх түдгэлзсэн байр, сууриа тодорхой болгохыг шахаж байна. Европын орнуудаас манай улсад тавьж буй саналуудыг хүлээж аваад эрчим хүчний, шатахууны хувьд Оросоос хараат болчихсон дээр гэж ярих хүмүүс ч байна. Яг энэ асуудлаар төвийг сахисан байр, сууриа хэвээр хадгалах ёстой юу.Эсвэл өөрөөр ажиллах хэрэгтэй байна уу? 

-Дайн, энхийн асуудалд завсрын хувилбар гэж үгүй. Төр Засгийн баримталж буй байр, суурийг харахад дайныг эсэргүүцэж байна гэж ойлгосон. Үүний нотолгоо нь Засгийн газар чадлынхаа хэмжээгээр хөрөнгө мөнгө гаргаж Украинд тусалж байгаагаас харагдаж байгаа юм.  Дайны үед эрүүл ухаан давамгайлдаггүй зовлон бий. Уур уцаартай бэрхшээлтэй, шийдвэр нь огцом тооцоо судалгаагүй гарах зүйл гарна. Ийм зүйлд орооцолдохгүйн тулд болгоомжтой үгээ хэлээд байна уу даа гэж харж байна. Үүнийг буруушааж чадахгүй. Оросууд дайн өдөөсөн. Өдөөсөн дайндаа  өөрөө ялагдаж байгаа орон. Тэгэхээр ямар ч бодлогогүй үйлдэл тэдний зүгээс гарч болно. Тийм зүйлд монголчуудыг  өртүүлчихгүйн төлөөх байр, суурьтай байгааг буруушаахгүй байна.

-Монголчуудын оюун санааны хоцрогдолд орсон, хүний эрхийн мэдрэмжгүй, хуучин нийгмээ санагалзаж байгаа нь Орос, Украины дайны үед илүү тодорч байх шиг байна. Тийм үү? 

-Тийм том зургаар нь харж болно. Украин болон бусад орны туршлагыг харах хэрэгтэй. Хүний бодлогоор ялангуяа Оросын шахаж буй хуучин сэтгэлгээн дээр суурилсан хөөргөсөн бодлоосоо татгалзах хэрэгтэй. 1990 оны дараа бид бие дааж үүлэн чөлөөний нарыг ашигласан. Яг ийм бололцлоо Украины дайны дараа гарч байна. Үүнийг үр дүнтэй ашиглах ёстой гэж хэлмээр байна.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан ба isee.mn сайтын сэтгүүлчид

-“ТАВАНТОЛГОЙ МЕГА ТӨСӨЛ” ХЭРЭГЖСЭН БОЛ ДНБ-ИЙГ 2-3 ДАХИН ТОМСГОХ БАЙСАН. ӨРГӨН ЦАРИГ ЯРЬСАН ХҮМҮҮС ОРОСТ ҮЙЛЧИЛСЭН-

- Сүүлийн үед Орос, Монголыг “налж” тоглоод байгаа. Орос, Хятадын гупер улс учраас Монголыг налж байна уу. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Хэдийгээр Оросын эдийн засаг барууны том хоригт орсон ч хориг тавигдаагүй салбарууд олон бий. Тухайлбал, Сибирьт мод боловсруулах, модон эдлэл хийх чиглэлд барууны хориг тавигдаагүй. Тэгэхээр энэ чиглэлд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлье гэж ярих нь байх л асуудал. Бүх зүйлийг дайн эсвэл хоригоор өнцөглөж харах хэрэггүй. Орос хоригийг давж гарахын тулд саарал эдийн засгийг хөгжүүлэхээр оролдож байна. Тухайлбал, зэрэгцээ импортын барааны жагсаалтыг баталлаа. Энэ нь хориг тойрох гэсэн оролдлого. Нөгөө талаас энэ оролдлого нь хоёр дахь хоригт оруулах ч эрсдэлтэй. Ер нь барууны хориг дээд зэргийн хяналттай. Тиймээс ч Монголоос хамаагүй том эдийн засагтай Казахстан хоригийн эсрэг ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байна. Хятад хоригт орсон компаниудтай хамтарч ажиллахаас татгалзаж байгаа. Хэрвээ хамтарч ажиллавал Хятадын эдийн засаг хоригт орж илүү хохирол амсах магадлалтай байна шүү дээ.

-2015 онд та “Тавантолгойн мега” төслийг хэрэгжүүлэхээр ажлын хэсгийг ахалж ажилласан ч бүтээгүй.Хэрэв энэ төсөл хэрэгжсэн бол өнөөдөр Монголын эдийн засаг ямар байх байсан гэж та төсөөлж байгаа вэ? 

-Бүтээгүй юмны төлөө харамсаж ярих хэцүү. Тухайн үед энэ төсөл хэрэгжсэн бол  дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2-3 дахин томсгох байсан. Нүүрсний төсөл эцэстээ нүүрс биш тээвэрлэлтийн тухай байдаг. Тээвэрлэлтээ зөв шийдэж  чадвал нүүрсний бизнес томоор яригддаг. Тээвэрлэлтийн том асуудал нь төмөр зам барих байсан.

Гэтэл өргөн, нарийн цариг гэж маргаан дэгдээд эцсийн дүндээ Оросын захиалгаар явуулахаар болсон нь энэ төслийг унагах арга байжээ.

Өргөн цариг ярьсан хүмүүс нь Орост үйлчилсэн. Энэ хооронд монголчууд төмөр замаа барьж чадаагүй. Нүүрсээ гаргаж чадаагүй чадаагүй. Харин  оросууд нарийн царигаар Хятадтай холбогдож төмөр зам бариад асар их орлого олсон. Бид хүний бодлогод унасан. Хүний бодлогод унасан хүмүүс хэний  гар хөл байсан нь ойлгомжтой. Ийм үзэгдэл дахин битгий давтагдаасай. Хэрвээ хүний эрх ашгийн төлөө  шийдвэр гаргаад байвал монголчууд өөдлөн дэвшихгүй.  Тавантолгой дээр эргээд харахад ийм л үзэгдэл болсон.

-Таны шоронд орсон нь ч үүнтэй холбоотой. Тийм үү? 

-Тэгэлгүй яахав. Намайг шийтгэсэн шүүхийн тогтоолыг харахад л ойлгомжтой. Олон түмэнд машины хэрэг мэтээр ойлгуулсан боловч Тавантолгойн нүүрсний ордыг ашиглалтад оруулах төсөл Монголын эрх ашигт нийцэхгүй хохирол авчрах байсан гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүх дүгнэлт гаргачхаад буруутгах олон зохиомол зүйл бичсэн. Үнэн хэрэгтээ мега төсөл Оросын бодлогоор яваагүйн төлөөх шийтгэл.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан

-НАДАД УУЧЛАЛ ҮЗҮҮЛЭХ НИГҮҮЛСЭНГҮЙ СЭТГЭЛ Х.БАТТУЛГАД БАЙГААГҮЙ БАЙХ ГЭЖ БОДДОГ. МӨН МИНИЙ ХУВЬД УУЧЛАЛ ХҮСЭХ НЬ ИТГЭЛ ҮНЭМШИЛД НИЙЦЭХГҮЙ-

-Та захиалагчийг нэрлэж чадах уу? 

-Ойлгомжтой шүү дээ.

-Захиалагч гэх хүн Ерөнхийлөгч байхдаа танд “Уучлал үзүүлье” гэсэн гэдэг. Тэр үед нь та яагаад зөвшөөрөөгүй юм бэ?  

-Х.Баттулга Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх ямар ч бодолгүй байсан. Миний итгэл үнэмшил, хийсэн ажилд нийцэхгүй. Тэр хүнд ч надад уучлал үзүүлэх нигүүлсэнгүй сэтгэл байгаагүй байх гэж бодож байна. уучлал үзүүлэхэд бэлэн байна гэсэн зүйлийг хүмүүс албан бус шугамаар ярьсан. Би үгүй л гэсэн. Ер нь хүний эрх заяагдмал биш. Тэмцэлдэж байж олж авна. Үүнийг ойлгочихвол олон зүйл өөрчлөгдөнө.

-Таныг хориход та эрхийнхээ төлөө тэмцэлдэж чадаагүй санагддаг? 

- Тэмцэлдэлгүй яахав. Зүгээр сууна гэж үгүй. Нэг их дэлгэрүүлж яриад яахав.

- Ер нь та Х.Баттулгыг гаднын агент гэж хэлээд байна уу? 

-Шулуухан хэлэхэд хэцүү. Энэ хүн ганц намайг шоронд хийгээгүй. Ерөнхий сайд асан С.Баяр, Д.Ганболд гэх мэт Монголын ардчиллын туг болж явсан, эмзэг үед шийдвэрлэх алхам хийсэн хүмүүсийг шоронд хийсэн. Миний хувьд болж буй үзэгдлийг өөр дээрээ хүлээж авах бус Монголын ардчиллын эсрэг хийж байна уу гэдэгт анхаарсан.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан

-АРДЧИЛСАН НАМ ОРОСЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БИШ МОНГОЛЫН НАМ БОЛОХ ЁСТОЙ-

-Таны энэ хүртэл явж ирсэн түүхтэй холбоотой Ардчилсан нам сүүлийн үед уналтад орчихлоо. Энэ ойлгомжгүй нөхцөл байдлыг засахын тулд хэн нь ямар үйлдэл хийх ёстой юм бэ? 

-Ардчилсан намын тухай ярихаар нэг зэрэг олон зөрчилтэй бодол орж ирдэг. Энэ нам Монголд золтой л дарангуйлагч төрүүлчхээгүй. Төрөнгөө алдсан ч төрж чадаагүй. Энэ үйлдлийг Ардчилсан нам хийсэн учраас эмзэг ханддаг юм. Нэмж хэлэхэд, би Ардчилсан намаас гарч байсан юм биш. Намайг хөөж байсан. Яагаад хөөж байсан бэ гэхээр Ардчилсан нам сонгуулиар “Хүүхдийн мөнгө өгнө” гэж амлаж байсан. Энэ санаачилгыг би гаргаж сонгуульд Ардчилсан намыг удирдаж байсан юм. Тэгэхээр “Хүүхдийн мөнгө өгнө” гэж амлачхаад ажил хийхгүй удаад огцорч байлаа. Дараа нь М.Энхболдын Үндэсний зөвшилцлийн Засгийн газрыг байгуулаад хүүхдийн мөнгийг өгч байсан юм. Өгөх бололцоог хангахын тулд би Үндэсний зөвшилцлийн Засгийн газарт Шадар сайдын ажлыг хийсэн. Гэтэл манай Ардчилсан намынхан “Засгийн газраа огцруулаад бусадтай хуйвалдаад явчихлаа” гэж буруу ойлгоод намайг намаасаа хөөсөн. Гэтэл үнэн хэрэгтээ өөрсдийнхөө амласан хүүхдийн мөнгийг хэрэгжүүлэхтэй холбоотой байсан юм.

Эерэг талыг яривал Ардчилсан нам Монголд ардчиллыг авчирч туг нь болсон. Энэ намын үед шийдвэртэй томоохон реформууд хийгдэж байсан. Ардчилсан нам нийгмийг эрх чөлөөтэй болгох, оюун санааг авчрахад томоохон үүрэг гүйцэтгэсэн. Энэ утгаараа их эерэг, сөрөг ажлыг аль алиныг нь хийсэн хүчтэй нам. Хожмоо Ардчилсан нам бараг Оросын бодлогыг хэрэгжүүлдэг нам болчихоо алдсан. Оросын бодлогыг хэрэгжүүлдэг Монголын нам байж болохгүй. Тиймээс дотоод тэмцэл энэ чиглэлд өрнөсөн.

С.Эрдэнээ даргын хувьд Монголынхоо эрх ашгийг хамгаалдаг нам байлгах байр, сууринд хатуу зогссон гэж харж байгаа. Гаднынхан Монголыг үймүүлэхдээ Ардчилсан нам, лидерүүд рүү нь чиглэсэн. Ингэж Монголын ардчиллыг устгах  гэж оролдсон юм. Ардчилсан нам жигдэрч босож ирэх нь Монголын эрх ашиг. Оросын бодлогыг ил тод биш ч эсэргүүцэж байсан хүмүүсийн дунд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ч бий.

-Яагаад дарангуйлагч гэж та тодорхойлж байна вэ? 

-Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж эхлэнгүүтээ хамгийн түрүүнд шүүх эрх мэдэл рүү халдсан. 17 шүүгчид дарамт үзүүлж, халсан. Шүүхийг чадваргүй болгож далимд нь улс төрийн өрсөлдөгчдөө шоронд хийж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл , шүүх эрх мэдлийг зангидах гэж оролдсон. Энэ бол дарангуйлал руу шууд явж буй алхам. Миний хувьд үүнийг эсэргүүцэж байгаагаа хэлээд шоронд орсон. Оросын бодлогыг хэрэгжүүлэгч хүмүүс Монголд чамлахааргүй их бий. Энэ талаар буруу ойлголттой холбоотой бол ойлголтоо өөрчил.

Хүний агент болон ажиллаж буй хүмүүс рүү тусгай байгууллагууд анхаарч ажлаа хийж Монголын эрх ашгийг хамгаал.

-Ярилцсанд баярлалаа.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө