Хоригдлууд мод тарьж, арчлан ургуулсанаар иргэн, аж ахуй нэгжид учруулсан хохирлоо барагдуулж байна

Хоригдлууд мод тарьж, арчлан ургуулсанаар иргэн, аж ахуй нэгжид учруулсан хохирлоо барагдуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “100 сая мод тарих хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд Орхон аймаг дахь ШШГГ-437 дугаар нээлттэй хорих ангиас үйлдвэрлэлийг өргөжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, хоригдолд хөдөлмөрийн чиг баримжаа олгох, хоригдлын нийгэм болон аж ахуй нэгж, иргэнд учруулсан гэм хорын төлбөрийг барагдуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай “Мод тарьж, арчлах ажил гүйцэтгэх чиглэлээр хамтран ажиллах гэрээ” байгууллаа.

Түүнчлэн “Эрдэнэт-үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн бүсийг тойруулан үрээр үрсэлгээ хийх, тайрдас, суулгац суулгах, хөрсөнд боловсруулалт хийх ажлыг  зохион  байгуулж байна. Мөн хамгаалалтын хашаа болон бүсийн зурвас дагуулан 7.1 км даланд дүүргэлт хийн, хөрс боловсруулан хайрцаглаж, гурван эгнээ зурвас гарган хайлаас модны үр тарьж, усалгаа, арчилгааг хийж байна. Үүнээс гадна хиймэл нуурын хамгаалалтын далангийн урд хэсэгт 50 га газар  хагалж, хөрсний боловсруулалт хийж ариутган, 12 га талбайд улиас, монос модны 835,000 тайрдасыг суулгасан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 360 кг хайлаас модны үр түүж, ариутган хатааж, тарилтад   шилжүүлжээ. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд мод тарих,  арчлах  ажлыг гүйцэтгэж байгаа мэргэшсэн алба хаагчид болон хоригдлуудад  мэргэжлийн гэрчилгээ олгохоор “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон  хөгжил  төслийн нэгжтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа нь “100 сая мод тарих хөтөлбөр”-ийн зорилтод нийцсэн чухал арга хэмжээ болох юм.




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө