Ж.Төмөрсүх: Гурван бамбаруушаа их тайгад дасан зохицоод амьдарч байгааг хараад сэтгэл амарсан /ФОТО/

Ж.Төмөрсүх: Гурван бамбаруушаа их тайгад дасан зохицоод амьдарч байгааг хараад сэтгэл амарсан /ФОТО/

Хөвсгөлийн "Улаан тайг"-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид өнгөрсөн намар эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, улмаар одоогоос сар гаруйн өмнө /2022.05.29/ тэднийг байгальд нь тавьсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

ВИДЕО: 

-БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ТАЙГАД ТАВЬСАН ГУРВАН БАМБАРУУШАА “ЭРГЭЖ”, ХООЛ ТЭЖЭЭЛ ӨГЧ, ХЯНАЛТЫН КАМЕРИЙГ НЬ ШАЛГАЖЭЭ-

Тэгвэл байгаль хамгаалагчид бамбаруушнуудаа байгальдаа хэрхэн дасан зохицож амьдарч байгааг судалжээ. Тодруулбал, Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээр ахлуулсан зургаан байгаль хамгаалагч 14 хоногийн хугацаанд Бусын тайгад ажиллаж, өмнө тавьсан бамбаруушнуудаа хооллож, камерын бичлэгийг нь шалгасан байна.

Хөдөлгөөн мэдрэгч камерт

Ингэхэд "Гэмшил" нэртэй бамбарууш анх тавьсан газраасаа 2 километр орчмын радиуст буюу тайгын бэл, гол орчимд амьдарч байгаа нь хяналтын камерт бичигджээ. Харин Номхон бор, Догшин хар нэртэй хоёр анх тавьсан газраас 10 километр орчимд амьдарч байсан аж. Тэд хосоороо яваа учир өөр баавгайд хөөгдөж, ийнхүү уулын орой хэсэгт очсон байх магадлалтай гэж байгаль хамгаалагчид үзэж байгаа аж.

Бамбаруушнууд тайгад хэрхэн амьдарч байгаа талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс тодруулахад “Гэмшил, Номхон бор, Догшин хар гурав маань их тайгадаа дасан зохицоод амьдарч байгаа нь тайгад байрлуулсан хяналтын камерт бичигдсэн байна лээ. Гэмшил камерийн орчмоор амьдарч байгаа. Биднийг очих үед олон дүрс үлдсэн байсан. Үүнийг хараад сэтгэл амраад сууж байна. Гэмшлийн баас хар ногоон өнгөтэй байгааг ажиглавал тайгын хоолондоо дасаж байгаа нь илтгэнэ. Энэ улиралд баавгай зөвхөн өвс, ургамлаар хооллодог болохоор баас нь хар ногоон өнгөтэй байдаг. Харин намар сэрүүн болохоор махан хоол иддэг. Тэр үед идэш тэжээлээ барьж идэж чадаж байгаа эсэх нь мэдэгдэнэ. Бид сая очихдоо жаахан жимс, нарийн ногоо, бас жаахан өөх аваачиж өгсөн. Гэмшил түүнийг амтархан идсэн зураг мөн камерт авагдсан байсан. Үүнээс үзэхэд Гэмшил биднийг хоол тэжээл өгөх үед холоос харж байсан байх” гэсэн юм.

Гэмшил нэртэй бамбарууш

Харин хамтад нь тайгад тавьсан Номхон бор, Догшин хар хоёрын талаар лавлахад “Тэднийг хамт тавьсан. Одоо ч хамт явж байгаа гэдгийг байршил тогтоогч зааж байна. Хяналтын камераас зайдуу яваа болохоор дүрс нь бичигдээгүй байсан. Одоо баавгайн ороо нийлүүлгийн үе болж байгаа учраас тэд том баавгайнд хөөгдөөд уулын орой руу гарсан байх гэж таамаглаж байна. Ямартай ч тэд салаагүй байгаа нь сайшаалтай” гэлээ. Байгаль хамгаалагчдын хүч хөдөлмөрөө зарж тэжээж, их тайгад нь тавьсан гурван бамбарууш энх тунх, их тайгадаа ийнхүү дасан зохицоод амьдарч эхэлсэн байна.