"БНХАУ-аас хар тамхи болон бусад хэргээр ял эдэлж буй Монгол Улсын гурван эмэгтэй хоригдлыг шилжүүлэн авсан"

"БНХАУ-аас хар тамхи болон бусад хэргээр ял эдэлж буй Монгол Улсын гурван эмэгтэй хоригдлыг шилжүүлэн авсан"

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэх гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр  "БНХАУ-тай мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол Улсын гурван эмэгтэй хоригдлыг энэ оны эхний хагас жилд шилжүүлэн авсан. Тэдний хоёр нь хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн, нэг нь хориотой ан амьтны гаралтай бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн.

БНХАУ-д ял эдэлж байгаа манай улсын дийлэнх хүмүүс хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тус улсын ялын бодлого хатуу. Граммаас шалтгаалаад цаазаар авах хүртэл ял оноодог.

Мөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд ихээр үйлдэгдэх болсон. Шүүхээс яллахаас өөр төрлийн хориглолт, хязгаарлалт тогтоосон үед дахин энэ төрлийн эм бэлдмэл, бодис хэрэглэсэн эсэхийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран гэнэтийн шалгалтуудыг хийж байгаа.

Уг шалгалтын үндсэн дээр 2022 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн 59 хүнийг хянаж байна.

Тогтмол шалгалтын явцад хоёр хүн дахин мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон. Улмаар прокурорын дүгнэлтээр хязгаарлалтыг хүчингүй болгож, шүүхээр ял оногдуулж шийдвэрлэсэн" гэв.