Э.Цэндбаатар: Э.Шинэчагтага бол бокс суурьтай сайн тамирчин. Би түүнийг басахгүй /ВИДЕО/

Э.Цэндбаатар: Э.Шинэчагтага бол бокс суурьтай сайн тамирчин. Би түүнийг басахгүй /ВИДЕО/

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч Э.Шинэчагтага нар 70 кг жинд, 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын төрлөөр тулалдах гэж байгаа билээ. Тэгвэл эл тулааны бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа болон бусад асуудлаар Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай ярилцлаа.

ВИДЕО:

-Э.ШИНЭЧАГТАГА БИД 2-ЫН ТУЛААН НАЙМДУГААР САРЫН 27-НД БӨХИЙН ӨРГӨӨНД БОЛНО-

-Холимог тулаанч Э.Шинэчагтагатай халз тулалдах гэж байгаа. Бэлтгэл нь хэр хангагдаж байна вэ. Тулаан болох өдөр товлогдсон болов уу?

-Миний хувьд өдөрт бэлтгэлээ алдахгүй хийж байна. Наймдугаар сарын 26-нд жингээ үзээд 27-ны өдөр Бөхийн өргөөнд тулаан болно. Бид хоёр 70 кг жинд тулалдахаар тохирсон. Би 72 кг жинтэй байгаа. Энэ бол асуудал биш, хасчихна.

-Та хоёр 600 саяын бооцоотой тулалдахаар болсон шүү дээ. Бооцооны мөнгөө босгосон байгаа юу?

-Бид хоёр 300, 300 саяыг босгож байгаад тулалдана. Одоогоор бооцооны мөнгөнийхөө 80 хувийг намайг дэмждэг спонсоруудаасаа цуглуулсан байгаа. Үлдсэн хэсгийн нь цуглуулах гээд хайгаад л явж байна даа. Э.Шинэчагтага бол бокс суурьтай сайн тамирчин. Би түүнийг бол басахгүй. Энэ тулаан Монголд өмнө нь болж байгаагүй тулаан болно гэж бодож байна.

-Хэрэв энэ удаагийн тулаанд ялбал бооцооны мөнгөө юунд зарцуулах вэ?

-Энэ тулаанд би ялбал хэн нэгэн хүүхдийн эмчилгээний зардал зарим хэсгийг нь зарцуулна гэж бодож байгаа. Үлдсэн хэсгийг нь амьдрах орчноо сайжруулна гэж бодож байна.

-ЭНЭ УДААГИЙН ТУЛААН НЬ ОГТ ШОУ БИШ. ЖИНХЭНЭ ТУЛААН-

-Тулаан болох талаарх хэвлэлийн хурлын үеэр Э.Шинэчагтага та хоёрын дунд болсон маргаан үнэхээр тухайн сэтгэл хөдлөл байсан уу эсвэл шоу байв уу гэх эргэлзээ олны дунд үлдсэн. Энэ талаар яриач?

-Хэвлэлийн хурлын үеийн л сэтгэл хөдлөл байсан. Бид хоёр хэн хэндээ гэмтэл учруулаагүй. Гэтэл цагдаагаас зөрчлийн хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулсан. Гэхдээ би үүнийг сайн ойлгоогүй. Энэ удаагийн тулаан нь огт шоу биш. Жинхэнэ тулаан. Тулааны цаана бид хоёрын хоёулангийн нэр хүнд явж байгаа учраас бид хоёр шударгаар тулалдана.

-Хэвлэлийн бага хурлын дараа Э.Шинэчагтагатай холбоо барьсан уу. Мэдээж бэлтгэлээ базааж л байгаа байх даа?

-Холбоо бариагүй. Холбоо барих шаардлага байхгүй. Жин үзэхэд л таарах байх. Тулааныг тэсэн ядан хүлээж байна.

-Жингийн асуудал гарвал үүнийг хэрхэн зохицуулах бол?

-Бид хоёрын хэн нэг нь жиндээ байхгүй бол тулаан шууд цуцлагдана. Гэхдээ ийм асуудал гарахгүй байх гэж найдаж байна.

-ЕСДҮГЭЭР САРД АНУ-РУУ ГУРВАН ЖИЛЭЭР ЯВЖ  МЭРГЭЖЛИЙН БОКСООР ТУЛАЛДАНА-

-Мэргэжлийн боксын тулааныхаа талаар сонирхуулаач. Энэ халз тулаанаас өөр хамгийн ойрын тулаан нь товлогдсон болов уу?

-Би долдугаар сард АНУ-д тулаантай байсан. Харин Шинээтэй тулалдахаар болсон учраас хойшлуулсан. Тиймээс энэ тулаанаа хийчхээд есдүгээр сард АНУ-руу гурван жилээр явах гэж байгаа. Энэ мэдээлэл нууц байсан. Харин одоо нууц биш боллоо. Би одоогоор дэлхийн ранканд 4:0-той байгаа. 2-3 тулааны дараа аваргын бүсийн төлөө тоглох гэж байна.

-АНУ-д болох тэмцээнийхээ талаар хуваалцвал?

-Миний өрсөлдөх тамирчин сонгогдоогүй байгаа. Ямар ч гэсэн есдүгээр сард тэмцээн болно. Би “Сэрүүн” группийн захирал н.Булгантамир гэдэг ахтай менежерийн гэрээтэй байгаа. Очоод бэлтгэлээ хийж байгаад хүсэл мөрөөдөлдөө хүрье гэсэн зорилготой байна. Дэлхийн аварга болох болохгүй эсэх нь надаас шалтгаална. Мэргэжлийн бокст би өөрөө л гарсан. Ард минь тусалж, дэмждэг хүмүүс бий.

-Нууц биш бол мэргэжлийн боксоор тулалдаад авдаг шагнал урамшуулал сонирхогчдын боксоос ямар байдаг юм бол?

-Шагналын сангийн хувьд мэргэжлийн бокс нь илүү юм билээ. Мэргэжлийн боксоор нэг тоглолт хийгээд ялбал доод тал нь 5 мянган доллар авдаг. Тэгээд тоглолт тоглолтоороо нэг дахин нэмэгдээд явчихдаг юм билээ бооцоо нь. Би сая ОХУ-д тулаан хийгээд Азийн наадам, Дэлхийн аваргаас медаль авч байснаас илүү буюу 40 мянган доллар авсан.  

-Шагналын сан нь өндөр байгаагийн хэрээр тэсвэр хатуужил, бэлтгэл тоглолт нь хүртэл хүнд байдаг байх даа?

-Тийм ээ. Бүх л спорт хүнд. Мэргэжлийн боксоор амжилт гаргана, хүнийг ялна гэдэг өөрөө маш том зүйл. Өдөр болгон дөрвөн цаг бэлтгэл хийнэ, формоо барих ёстой, амралт, хоол ундаа зохицуулах ёстой. Өөрийгөө маш их бэлддэг. Бэлтгэлээ нэг хоног таслахад л хүн ялж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн надаас илүү бэлтгэлтэй байгаа. Тэр ч утгаараа мэргэжлийн бокс гэдэг маш том хариуцлага гэдгийг ойлгож байгаа.

-Одоо мэргэжлийн боксоор ямар нэгэн багшийн удирдлага дор хичээллэж байгаа болов уу?

-Би АНУ-д 2018 онд хэсэг хугацаанд бэлтгэл хийхдээ мөнгө төлж, багшийн удирдлага дор бэлтгэл хийж байсан. Намайг авъя гэсэн багш одоогоор байхгүй. Очоод зөв багшаа сонгоод бэлтгэлээ хийж эхэлнэ. “Will Guard” гээд дэлхийн аварга Мини Бакюгийн клубд бэлтгэл хийе гэсэн зорилготой байна.

-НУТГИЙН ГИШҮҮД НАДАД МАШИН АМЛАСАН, ОДОО Ч АЛГА. ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛ ХУДЛАА АМЛАЛТ БИТГИЙ ӨГӨӨСЭЙ-

-Сүүлд гавьяатын найран дээр нутгийн зөвлөлөөс нь машин бэлэглэнэ гэсэн ч өгөөгүй байсан?

-Медаль авахаар хүмүүс ирж дэмждэг. Амжилт гаргахгүй болохоор хаячихдаг. Би өөрийгөө баталсан гэж боддог. Мэргэжлийн бокст ороод хоёрын хоёр тулаан хийж, Оросоос бүсийг нь аваад ирсэн. Нэг л амьдрах орчлонд төр намайг шагнасан учраас гэр бүл, ах дүү, өөрийн хайртай хүмүүстэйгээ гавьяатынхаа найрыг хийе гэж бодоод хийсэн.

Тэр үед нутгийн маань гишүүд надад машин амласан ч одоо болтол өгөөгүй байгаа нь үнэн. Ер нь өгч чадахгүй бол худлаа амлалт битгий өгөөсэй гэж бодож байна.

Тэр машин надад одоо хэрэггүй. Харин тамирчин хүний амжилтан дээр гарч ирээд олон нийтийн нүдэн дээр худлаа амладаг нь хүнлэг бус, муухай үйлдэл. Надаас хойшоо амжилт гаргах залуу тамирчид, дүү нарт маань битгий ийм худал амлалт өгөөсэй гэж хүсэж байна. 

-БАГААСАА ӨДӨР БҮР ХАМТ БАЙСАН БОЛОХООР СОНИРХОГЧИЙН БОКСЫН ГЭР БҮЛЭЭ САНААД БАЙДАГ-

-Таны ярианы цаана нэг л тийм гуниг, гомдол яваад байх шиг. Энэ бүхэн шигшээ багаас эхлэлтэй болов уу?

-Тийм ээ. Тэгж хэлж болно.

-Та уг нь гомдлоо тайлсан энэ бүхнийг мартсан гэж байсан биз дээ?

-Тийм л дээ. Би уг тэгэхийг хүссэн. Тиймээ ч саяхан болсон сонирхогчдын боксын холбооны цугларалтанд “Намайг аваад яваач” гэж би гуйсан юм. Гэтэл үгүй гэсэн. Уг нь боксын холбооны нарийн бичиг дарга ах “Ах нь танилцуулъя би ганцаараа шийдэхгүй” гэсэн. Тэгээд цааш нь хэлтэл нөгөө хүмүүс нь үгүй гэсэн юм билээ. Тэгэхээр нь яагаад ч юм гомдоод, хайртай спортоосоо хөөгдчихсөн юм шиг муухай байсан. Одоо хүртэл мартаж чадахгүй байна.

-Таны хүсэл мөрөөдөл бүх л үнэт зүйл тань энэ спорттой холбоо болохоор аргагүй байх?

-Би өөрийнхөө амьдралын 16 жилийг бокст зарцуулсан. Тэд миний гэр бүл, хайртай бүхэн минь байсан. Өдөр бүр жингээ хасаж, өдөр бүр бэлтгэлээ хийж яаж хичээж байсныг миний боксын гэр бүлээс минь өөр хэн ч мэдэхгүй. Би боксын гэр бүлээ маш их санадаг. Өдөр бүр багаасаа л хамт байсан болохоор санахгүй байхын аргагүй. Боксын холбоонд байгаа надад дургүй хэдэн хүмүүс л үгүй гэж байгаа юм. Гэхдээ гомдоод яах вэ дээ. Зүгээр хэцүү байна. Бодохоор өөрийн эрхгүй хоолой чичирдэг. Би тэдэнд муу зүйл огт хийгээгүй шүү дээ. Тэд зүгээр л намайг хөөсөндөө бантаад миний нүд рүү ч харж чадахгүй байгаа байх. 

-Хэрэв танд эргээд энэ спортдоо ирэх санал ирвэл хэрхэн хүлээж авах бол. Магадгүй олимпод оролцох боломж гарвал? 

-Эргээд орох зөвшөөрөл өгвөл сайн мэдэхгүй байна. Орохыг хүсэж л байна. Гэхдээ нэгэнт Америк руу гаръя гээд шийдчихсэн учраас энэ шийдвэртээ л зогсъё гэж бодож байна. Гэхдээ би бүр багаасаа олимпоос медаль авъя гэсэн зорилготой байсан. Надад одоо олимпоос бусад бүх медаль байна. Дэлхийн аварга байна. Азийн аварга байна. Олимпын медаль аймар ойрхон медаль байхгүй юу. Үүнд хүрэхэд жаахан юмнаас болоод алдчихсан. Ер нь ялаад ирэхээр хүн болгон “чи мундаг” гэдэг. Харин медаль авч чадахгүй, алдаж оноод ирэхээр бүхний адгийн шаар болоод дуусдаг юм билээ. Эцэст нь хэлэхэд удахгүй болох тулаан дээр уулзъя.