Б.Ганхайч Азийн аварга болж, Монголын хоёр дахь алтан медалийг хүртлээ

Б.Ганхайч Азийн аварга болж, Монголын хоёр дахь алтан медалийг хүртлээ

Нур-Султаны татамигийн хоёр дахь өдөр үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Болдын Ганхайч эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Монголын жүдочдын хоёр дахь алтан медалийг авчирч, алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо. Түүний хувьд 2017 онд Хонконгод Азийн аваргад хүрэл медалийн эзэн болж байсан бөгөөд таван жилийн дараа өнгийг нь хувиргаж түрүүлэв.

Тэрбээр Энэтхэгийн Сунибала Хуидром, 2017 онд Азийн аваргад хүрэл медалийн төлөө хамтдаа зогсч байсан БНСУ-ын Ким Жи Жёон, залуучуудын ДАШТ-ий алт, мөнгөн медальт, энэ жилийн Парис, Улаанбаатарын “Их Дуулга”-ын аварга Японы Нами Набэкүра нарыг тус тус ялж алтан медаль хүртсэн юм. 2015 онд тус хотод гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа 63 кг-д Азийн аварга болж байсан бол 7 жилийн дараа жингийн дүү нь амжилтыг нь давтаж байна.