Энэтхэгийн IndiGo агаарын тээврийн компанийн Делигээс Ченнай хотыг чиглэн нисэж байсан зорчигч тээврийн онгоцонд зөөврийн цэнэглэгч шатсаны улмаас нислэгийн чиглэлийг өөрчилж, Хайдарабад хотод яаралтай газардуулжээ. Уг хэрэг өчигдөр /2026.10.11/ 6E 6115 дугаартай нислэгийн үеэр болсон байна. Онгоцны бүхээгийн гар тээш хадгалах дээд хэсэгт байрлуулсан зорчигчийн зөөврийн цэнэглэгчээс утаа гарч, улмаар гал гарчээ.
ВИДЕО:
Харин зорчигчид галыг унтраахаар оролдож буй дүрс бичлэг цахим орчинд тархсан байна. Бүхээгийн багийнхан шуурхай арга хэмжээ авч, галыг хяналтад оруулсан бөгөөд нисгэгчид аюулгүй ажиллагааны журмын дагуу нислэгийн чиглэлийг өөрчилж, Хайдарабад хотын Ражив Гандигийн олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.
Тухайн үед онгоцонд 180 орчим зорчигч, нисэх багийн долоон гишүүн байсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тухай мэдээлэл гараагүй байна. Зорчигчдыг Ченнай хот руу үргэлжлүүлэн хүргэхээр өөр онгоц бэлджээ.
Энэхүү хэрэг нь нислэгийн үеэр зөөврийн цэнэглэгч болон лити-ион батарейтай төхөөрөмжөөс үүдэж болзошгүй галын эрсдэлийг дахин анхааруулсан үйл явдал болсон гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ. IndiGo компанийн ачаа тээшний журамд зөөврийн цэнэглэгч болон нөөц батарейг зөвхөн гар тээшээр авч явахыг зөвшөөрдөг байна.