П.Сайнзориг: Допингийн шинжилгээ өгсөн 80 хүний хариу бүрдээгүй. Допинг хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл худлаа

П.Сайнзориг: Допингийн шинжилгээ өгсөн 80 хүний хариу бүрдээгүй. Допинг хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл худлаа

Өнөөдөр /2022.08.16/ ХДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг допингийн асуудалтай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Энэ жил баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үндэсний бөх болон сурын харваанд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авна гэсний дагуу нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан. Үүний 16 нь харваачид бол 64 нь бөхчүүд. Допингийн шинжилгээг цагдаа болон тагнуулын байгууллагын хяналт оролцоотойгоор авсан. Үүнийг БНСУ-руу итгэмжлэгдсэн лабораторид явуулсан. Эхнээсээ хариу нь ирж байна. Одоогоор 80 хүний хариу хараахан бүрдээгүй байгаа учраас зохих журмын дагуу нээж хариутай танилцаагүй байгаа. Иймд цахим сүлжээнд яваад буй “Зарим бөхчүүд допинг хэрэглэсэн байж болзошгүй” гэх мэдээлэл худал ташаа зүйл. 80 хүний хариу бүрдсэн цагт хариуг нь бид өөрсдөө мэдээлнэ. Өнөөдрийн байдлаар 77 хүний хариу ирчхээд байгаа бол гурван хараахан ирээгүй байна” гэв.