ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ, ҮЛДЭЭХ ҮҮ: Үндсэн хуулийн цэц МАН-ын хуулийн хэлтэс шиг ажилладаг боллоо

ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ҮҮ, ҮЛДЭЭХ ҮҮ: Үндсэн хуулийн цэц МАН-ын хуулийн хэлтэс шиг ажилладаг боллоо

Энэ сарын 24-ны /2022.08.24 / Ардчилсан намын залуус хамтран “Үндсэн хуулийг өөрчлөх үү, үлдээх үү”  сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын хуваагдсан гэх талуудын төлөөлөл оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий юу, зарчмын хувьд ямар өөрчлөлтийг хийх ёстой,  хамгийн зөв арга хэлбэр юу болох талаар гаргалгаа хайж ярилцсан юм.

Энэ үеэр хуульч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Комедиан Н.Амаржин, АН-ын гишүүн Ц.Баатархүү нарын байр суурийг сонслоо. 

ВИДЕО: 

Тухайлбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Нэгдүгээрт, эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөхөөр наадмын өмнө гишүүдээ явуулж ард түмнээс санал авахуулсан. Ингэж ард түмэнтэй нүүр тулсан. Гэтэл ард түмэн үнийн хөөрөгдөлт, эдийн засгийн хямрал, орлого бага, өр шир гэх мэт олон асуудлаас хамаараад юун Үндсэн хууль өөрчлөх. Эрх баригчдыг "Ажлаа илүү сайн хий. Чадахгүй бол улс төрийн хариуцлагаа хүлээ" гэсэн асуудлыг гишүүдийн өмнөөс ярьсан юм шиг байгаа юм. Ингээд “Энэ замаар явбал бүтэхгүй нь” гэж үзээд Үндсэн хуулийг манаж хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэцийг ашигласан. Өнөөдөр Үндсэн хуулийн цэц эрх баригч МАН-ын Удирдах зөвлөлийн хуулийн газар, хэлтэс шиг ажиллаж байна. Тэдний даалгавраар ажиллаж байна. МАН-ын Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд “давхар дээл”-ийнх нь үүдийг Үндсэн хуулийн цэц нээж өгч байна. Угтаа Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуульд захирагдаж Үндсэн хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг атал өөрөө Үндсэн хуулиа үгүйсгээд явж болохгүй юм.

Хоёрдугаарт, Цэцийн буруу шийдвэрээс болж  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас аргагүй байдал руу оруулж байна. Хүссэн, хүсээгүй Засгийн газар, Их хурлын гишүүд, Ерөнхийлөгчийн аль нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлаад асуудлыг шийдэхээр байна.  Гэхдээ энэ маш буруу. Гэтэл асуудлын гол нь Үндсэн хуульдаа байгаа юм биш.Улс орны иргэдийн амьдрал доройтож байгаа нь Үндсэн хуулийн асуудал биш. Харин өнөөдөр улс төрчдийн буруутай үйл ажиллагаанаас болсон. Одоогийн эрх баригчид, сайд дарга нар өөрсдөө улс төрийн хариуцлага хүлээхээс зайлсхийж бүх буруугаа нийлүүлж байгаад Үндсэн хууль руу чихэж байна. Ингэхдээ Үндсэн хуулийг хогийн сав болгож байгаа.

Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийг өөрчилчих юм бол бүх зүйл сайхан болно гэсэн үлгэрээ ярих гэж байна. Та бүхэн анзаарсан бол 2019 онд яг ийм үндэслэлээр Үндсэн хуулийг өөрчилсөн. Тэд “Үндсэн хуулиа ойрын 10 жилдээ хөндөхгүй. Гайхалтай сайхан Үндсэн хууль боллоо” гэж ярьж байсан. Гэтэл гурван жилийн дараа дахиад л "Үндсэн хууль болохоо байчихлаа" гэж яриад сууж байна. Дахиад дөрвөн жилийн дараа Үндсэн хууль болохгүй байна гэсэн зүйлийг дахиад яриад сууж байхдаа ичихгүй болсон" гэв. 

Эрх баригч МАН-ынхан ирэх намрын чуулганы хуралдааны хугацаанд багтаан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөж буй.

Энэ удаагийн Үндсэн хууль /ҮХ/-ийн өөрчлөлтөөр:

  • УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох буюу “давхар дээл”-ийг дэмжих. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцэд захиалга өгөн “Ерөнхий сайдыг оролцуулаад УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно” гэх Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгуулсан. Хүчингүй болгуулсан заалтаа энэ өдрүүдэд өөрчилж улмаар уг шийдвэртээ үндэслэн Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах гэж байна. Эцэстээ энэ бүх үйл явдлын үндэс суурь нь МАН-ын дотоод улс төртэй холбоотой.

Үргэлжлүүлэн намрын чуулганы хугацаанд

  • УИХ-ын гишүүдийн тоог нэмж 108 болгох. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэхдээ онцолсон. Ингэж байж парламентын ардчилал бэхжинэ. Цөөн хүнд очих эрх мэдлийг сааруулж, бие биендээ тавих хяналт сайжирна гэж буй. Энэ удаа УИХ-ын гишүүдийн тоог 150-215 болгохыг шаардаж буй ч 110 дотроо багтаах нь тодорхой байгаа юм.
  • Сонгуулийн тогтолцоог өөрчилж, "Холимог"тогтолцоотой жижиг тойрог болгох.
  • Ерөнхийлөгчийг парламентаас сонгох.
  • Төрийн сүлдийг өөрчлөх зэрэг өөрчлөлтийг ярих юм.



Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө