Б.Болороо: Талийгаач нөхрийн минь хэрэг тэр чигтээ "Хишиг арвин" ХХК-ний зурсан зургаар явж байгаад гомдолтой байна

Б.Болороо: Талийгаач нөхрийн минь хэрэг тэр чигтээ "Хишиг арвин" ХХК-ний зурсан зургаар явж байгаад гомдолтой байна

Өнөөдөр иргэн Б.Болороо ажил үүргээ гүйцэтгэх байх үедээ ажлын байран дээрээ учир битүүлгээр амиа алдсан талийгаач нөхрийнхөө хэргийн тухайн сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Түүний талийгаач нөхөр Б.Амгалан нь өнгөрөгч зургаан сард гацсан лифтийг засах оролдлого хийж байхдаа нэг давхраас хонгил руу унаж нас барсан билээ.

-БҮТЭН САРЫН ХУГАЦААНД БИДНИЙГ ОЧИХ ТООЛОНД ЯАГААД БИЧЛЭГ БАЙГААГ НУУЖ БАЙСАН ЮМ БЭ?-

Иргэн Б.Болороо мэдээлэл хийх үеэрээ хэлэхдээ: “Өнөөдөр би талийгаач нөхрийнхөө хэргийн тухай мэдээлэл өгөхөөр ирлээ. Мэдээлэл хийхээсээ өмнө миний талд ажиллаж байгаа хоёр өмгөөлөгчөөсөө хүлцэл өчмөөр байна. Миний нөхөр амиа алдаад дөрвөн сар болж байна. Энэ хугацаанд олон сэтгүүлч мэдээлэл өгөөч, байр сууриа илэрхийлээч гэж холбогдсон бөгөөд нэгэнд нь ч мэдээлэл өгөөгүй. Учир нь цагдаагийн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж байхад хөндлөнгөөс саад учруулахыг хүсээгүй юм. Хэрэг үнэн мөнөөр шийдэгдэнэ гэдэг итгэл найдвар тээсээр өдийг хүрсэн билээ. Гэвч өнөөдөр хэрэг явдал ямар байгааг хэлмээр байна. Шулуухан хэлсэн дээр байх гэж бодож байна. Манай өмгөөлөгч нар надад түр хүлээж бай гээд өнөөдрийг хүртэл хүлээлээ. Энэ  хугацаанд хагас галзуурлын байдалтай байлаа. Мэргэжлийн хяналтаас гаргасан шийдвэрийг хараад хоёр өмгөөлөгчөөсөө зөрж энэхүү мэдээллийг хийж байна.

Миний нөхрийг танихгүй хүн байхгүй байх. Тэр сайхан хүнээ бусдын зүй бус хариуцлагагүй үйлдлээс болж алдаад дөрвөн сар өнгөрлөө.

-МАНАЙ НӨХРӨӨР АРХИ АВХУУЛЖ УУСАН БАТДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙГ ШАЛГАЖ ӨГӨӨЧ-

Манай талийгаач нөхөр "Хишиг арвин" хариуцлагатай хувьцаат компанид ажиллаж байсан. Залуус хорооллын лифтний хонгилоос нас барсан байдалтайгаар долдугаар сарын 8-ны өдөр олдсон. Манай нөхрийг ажлын байран дээрээ архи уусан, түүнээс болж өөрөө хийх ёсгүй ажлаа хийснээс болж нас барсан гэх шалтгаанаар буруутгаж байна. Манай нөхөр тэр өдөр Пара хөнгөн атлеткийн тэргүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Батдорж гэдэг хүн ирж нөхрөөр минь архи авхуулж уусан. Тэр архинаас нь манай хүн амссан байгаа юм.

Гэтэл шүүх шинжилгээний хариу нь ч 2.4 поромилл буюу өөрийгөө хянах чадваргүй болтол архи уусан гэж гарсан байна. Энэ арван сарын 18-нд шинжилгээний хариуг би мэдсэн. Шинжилгээний хариу гарснаас хойш 14 хоногийн дараа мэдсэн.

Бас задлангийн шинжилгээгээр согтолтын зэрэг өндөр гэж гарсан хэр нь нас барсан хугацааг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн тухайн үеийн бичлэг байсаар байхад бидэнд үзүүлээгүй бөгөөд бидэнд хэрэг гарснаас хойш бүтэн сарын дараа үзүүлсэн. Ажил үүргээ гүйцэтгэж байгаад шатнаас унасан бичлэг байсаар байтал биднээс нуусан.

-ХАМГИЙН СҮҮЛД МЯДАГ ГЭХ ЭМЭГТЭЙТЭЙ ЯРИАД ЛИФТ РҮҮ ЯВСАН. ГЭТЭЛ ТЭР ХҮН ЮУ Ч ХЭЛЭЭГҮЙ-

Манай нөхрийг ямар байдалтайгаар нас барсан талаар бичлэг байгааг мэдсэн хэр нь биднээс яаж нас барсан гэж бодож байна гэж асуудаг байсан. Бас нэг анхаарал татсан нэг зүйл нь н.Мядаг гэж эмэгтэй манай нөхөр рүү залгаж, лифтэнд хүн гацсан байна, гарга гэж хэлээд лифтний түлхүүр өгсөн байсан. Алга боллоо гээд олон хоног эрэл сурал болж байхад яагаад тэр хүн би сүүлд нь ярьсан гээд дуугарсангүй вэ.

Ажилчдад станц өгдөг. Нөхөр маань алга болсноос хойш байгууллагаас нь өдөр бүр залгаж станц болон лифтний түлхүүр олж өг гэж байсан. Гэтэл станцаар дуудахад дохио дуугардаг юм байна. Тэрхүү станц нь нөхөрт маань байсан тул станцаар дуудахад дохио дуугарч, олох боломж байсан.

Надад энэ хэрэгтэй холбоотойгоор хүсэх гурван зүйл байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна. Хоёрт, шүүх эмнэлгийн дүгнэлтийн дараа мэргэжлийн хяналт дахин дүгнэлт гаргахыг хүсч байна. Гуравт, чин сэтгэлээсээ гуйх зүйл бол хөгжлийн бэрхшээлтэй тамирчны дасгалжуулагч н.Батболд гэдэг хүнийг  шалгаж өгөхийг хүсч байна. Мөн тухайн байрны оршин суугчдыг нададд туслаач ээ гэж хэлмээр байна.