БАРИМТ: Орос III сургуулийг УИХ-ын 29 дүгээр ТОГТООЛ, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар ТОГТООЛООР 1999 онд Монгол Улсын өмчид авчээ

БАРИМТ: Орос III сургуулийг УИХ-ын 29 дүгээр ТОГТООЛ, НИТХ-ын тэргүүлэгчдийн 97 дугаар ТОГТООЛООР 1999 онд Монгол Улсын өмчид авчээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орос Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаад байгаа. Гэвч Ж.Соронзон “Орос Монголын хамтарсан сургууль бол ОХУ-ын өмч. Тиймээс хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ өмчийг “Та үүнийг харж, хамгаална. Захиран зарцуулна” гээд надад хариуцуулж, хүлээлгэж өгсөн. Тиймээс би өнөөдөр ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж байгаа хүн учир “Боловсролын сайд намайг халчихлаа” гээд гүйгээд явж болохгүй байна. Харин өмч хөрөнгөний асуудлаа шийдсэний дараа энэ асуудлыг ярьж болно” гэдгийг тодотгоод байгаа.

ВИДЕО: Ж.Соронзонгийн хэлсэн дээрх ярилцлага

Тэгвэл Орос Монголын хамтарсан III сургууль үнэхээр Ж.Соронзон захирлын хэлсэнчлэн Оросын өмч үү гэдгийг бид сурвалжиллаа.

-ОРОС МОНГОЛЫН ХАМТАРСАН III СУРГУУЛИЙГ ОХУ-ЫН ӨМЧ ГЭЖ ҮЗЭХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРОО ҮЗЭЖ БАЙЖЭЭ-

Тус сургуулийн барилгыг анх ОХУ-ын зээлээр барьжээ. Тодруулбал, БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1970 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, “1971-1975 онд Эдийн засгийн талаар хамтран ажиллах” тухай хэлэлцээр байгуулсан байна. Уг хэлэлцээрт заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор ЗСБНХУ-ын Засгийн газар нь БНМАУ-ын Засгийн газарт 570 сая рублийн зээлийг жилийн хоёр хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Үүнээс 50 сая рублийг орон сууц, нийгэм ахуйн барилга барихад зориулж олгожээ.

Дээрх хэлэлцээрийн 2 дугаар хавсралтын 23-т талууд Улаанбаатар хотын тавдугаар хороололд 17.5 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай орон сууцны барилгыг барьж дуусгахаар тохиолцсон аж. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНМАУ-ын СНЗ-ийн дэргэдэх улсын төлөвлөгөөний комиссын 1971 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 64 тоот шийдвэрээр Улаанбаатар хотод баригдах Соёл үйлчилгээний объект бүхий 100 мян.кв.м орон сууцны талбайн нэгдүгээр ээлжийн төслийн даалгаварт Улаанбаатар хотын орон сууцны тавдугаар хороололд 9 мян.кв талбай бүхий орон сууц, 964 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, ясли зэрэг барилга байгууламж барихаар тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл ОХУ-ын зээлээр Орос Монголын хамтарсан сургуулийн барилга байгууламжийг барьжээ.

Орос Монголын хамтарсан III сургуулийг ОХУ-ын өмч гэж үзэх үндэсгүй гэж Төрийн өмчийн хорооноос дурдаж байжээ

Харин ОХУ-д төлөх их өр тэглэхэд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зээлийн хөрөнгөөр баригдсан объектуудын өр төлбөрийн асуудал шийдэгдсэн учир Орос Монголын хамтарсан IIIсургуулийн хичээлийн байр, багш нарын орон сууцыг ОХУ-ын өмч гэж үзэх үндэслэлгүй болж байгаа юм. Үүнийг ч Монгол улсын төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “ГОСЗАГРАНСОБСТВБННОСТЬ” ХТОНГ-ын Алс дорнод бүс нутгийн улс орнуудын төлөөлөгч И.В.ТАРАСЕНКО-д явуулсан албан бичигтээ дурджээ.   

-ОРОС МОНГОЛЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ 1999 ОНД 182 САЯ ТӨГРӨГӨӨР ҮНЭЛЖ УЛСЫН ӨМЧӨӨР БҮРТГЭЖ БАЙЖЭЭ-

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, төрийн өмчийн 1997 оны улсын нэгдсэн тооллогын дүнг үндэслэн УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор Нийслэлийн өмчид бүртгэж авсан байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Монгол, Оросын хамтарсан III сургуулийг Улсын өмчид бүртгэх тухай УИХ-ын 29 дүгээр тогтоол

Харин УИХ-ын уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999 оны 97 дугаар тогтоолоор Орос Монголын хамтарсан III сургуулийг нийслэлийн өмчид бүртгэсэн байна. Ингэхдээ тухайн үед сургуулийн барилга байгууламжийг 182 сая төгрөгөөр үнэлж бүртгэж байсан аж.

Монгол, Оросын хамтарсан III сургуулийг Нийслэлийн өмчид бүртгэх тухай НИТХ-ын 97 дугаар тогтоол

Түүнчлэн, 2009 онд эл асуудлаар Оросын тал Монголын талтай маргалдаж, улмаар шүүхээс "Орос Монголын хамтарсан III сургууль нь ОХУ-ын өмч, өмчийн оролцоотой гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна. Харин Нийслэлийн өмч болох нь бүх бүртгэл тооллого, дахин үнэлгээгээр нотлогдож байна" гэх шийдвэр гарч байсан талаар ч эх сурвалж мэдээлж байгаа юм. 

Дээрх баримтуудаас үзэхэд, Орос Монголын хамтарсан III сургуулийн барилга байгууламж Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн Монгол Улсын өмч байх нь. Ийм байтал Ж.Соронзон захирал “Тус сургуулийг Оросын өмч, захиран зарцуулах, харж хамгаалах эрх нь надад бий” гэсэн хачирхалтай тайлбар хэлж ажлаа өгөхгүй, цаг хугацаа хожих гэсэн шалтаг байх гэх хардлага төрж байгаа юм. 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө