ВИДЕО:  Монголдоо анх удаа бэртэж гэмтсэн хүмүүст нөхөн сэргээх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сагсны тэргэнцэртэй болжээ

ВИДЕО: Монголдоо анх удаа бэртэж гэмтсэн хүмүүст нөхөн сэргээх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сагсны тэргэнцэртэй болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр асуудалтай, боломжгүй, хүндрэлтэй гэх ойлголт нийт иргэдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү ойлголтыг эвдэж Монголдоо анх удаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан сагсан бөмбөг тоглох боломжтой зориулалтын тэргэнцрийг оруулж иржээ. Энэ талаар бид түгээмэл хөгжил төвийн менежер Ц.Лхамжавтай ярилцлаа. Тэрбээр энгийн хүмүүс ч энэхүү тэргэнцэртэй тоглож болох бөгөөд заалны асуудал тулгамдаж байгаа талаар бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу намайг Ц.Лхамжав гэдэг. Түгээмэл хөгжил төвийн ажилтан.

-Юуны түрүүнд “Түгээмэл хөгжил” төвийнхөө үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?

Манай төв байгуулагдаад 12 жил болж байна. Байгуулагдсан цагаас нь л энд ажиллаж ирлээ. Тулгуур эрхтний бэрхшээлтэй нийт 160 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гишүүдээ дэмжиж тогтмол сургалт, семинар явуулдаг.

-Өнгөрсөн наймдугаар сард Монголдоо анх удаа сагс тоглох боломжтой зориулалтын тэргэнцэр оруулж ирсэн гэсэн шүү дээ. Анх оруулж ирэх санаачилгыг хэрхэн гаргав. Нийт хэдэн ширхгийг оруулж ирсэн байна вэ?

-Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүний өдөр тутмын хэвийн амьдралд оролцоход чухал зүйлийн нэг бол тэргэнцэр. Манай төвийнхөн маань гадаадад явж байгаад анх сагсны тэргэнцэр гэдэг зүйлийг үзэж сонирхсон. Тэгээд яагаад энэ зүйлийг Монголдоо нэвтрүүлж болохгүй юм гэсэн үүднээс оруулж ирэх талаар судалсан л даа. Одоо нийт найман ширхэг сагс тоглох боломжтой тэргэнцэр орж ирээд туршилтын тоглолтоо хийгээд явж байна даа.

ЦААШДАА БИД МОНГОЛДОО ХӨРӨНГӨ САНХҮҮГЭЭ БОСГОЖ ЧАДВАЛ ӨӨРСДӨӨ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРИНО

-Оруулж ирэхэд хүндрэлтэй асуудал нь юу байв?

Хөрөнгө санхүүгийн асуудал их хүнд байсан. Монголд оруулж ирэхэд их хэцүү байсан учраас Япон дах Монгол залуучууд нэлээдгүй дэмжлэг үзүүлсэн. Удаан хугацаанд судалж өөрсдийнхөө тэргэнцрүүдийг бидэнд бас өгсөн. Бид нараас төсөв харьцангуй бага гарсан. Гэхдээ хандивлагчдаас маань чамгүй их мөнгө гарч байгаа. Нэг тэрэгний дундаж үнэ 7 сая гэдэг. Энэ гэхдээ хуучин тэргэнцрийн үнэ. Шинэ тэргэнцэр захиад аваад хийлгэвэл бүр илүү үнэтэй тусна. Гэхдээ цаашдаа бид Монголдоо хэрвээ хөрөнгө санхүүгээ босгож чадвал өөрсдөө үйлдвэрлэхийг зорино.

-Энэхүү тэргэнцрийн онцлог?

Дан ганц сагс тоглох гэдэг үүднээс харж болохгүй. Гэмтээд удаагүй байгаа залуус өөрсдийгөө нөхөн сэргээх чиглэлээр энийг ашиглаж болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй болоод удчихсан нийгмийн амьдралд төдийлөн оролцож чадахгүй байгаа залуучуудыг спортоор дамжуулж нийгмийн амьдралд оролцуулах гэдэг гол зүйл. Эцсийн зорилго нь мэдээж цаашаа тэр дундаасаа баг гаргаад Азидаа бид яагаад өрсөлдөж болохгүй гэж? /инээв/ Азиа байг гэхэд Монголд баг үүсгээд харилцан бие биетэйгээ тоглох зорилго тавиад явж байна.

-Энэхүү зориулалтын тэргэнцрийг зөвхөн танай гишүүнчлэлтэй иргэд л хэрэглэх боломжтой юу?

Заавал манай төвд гишүүнчлэлтэй биш байсан ч хүүхэд залуучууд ирээд бид нартай ярилцаад энийг цааш нь сар болгон долоо хоног болгон тогтмол хийж байхыг зорьж байгаа. Одоо энэ аравдугаар сарын 01-нд “Түгээмэл хөгжил” бие даах төв маань гишүүдийнхээ цугларалтыг хийх юм. Тэр үеэрээ тэргэнцэртэй сагсан бөмбөг ч гэдэг юм уу, байт харваа ч юм уу, буудлага ч юм уу маш олон чиглэлийн зүйлийг залуучууддаа сонирхуулна. Залуучууд өөрсдийнхөө чадах зүйлийг магадгүй тэндээс олоод тэр спортоороо хичээллээд явах үүд хаалга нээгдэх ч юм билүү гэж бодож байгаа.

-Манайхаас энэ чиглэлээр сагсны баг гаргаад явбал хэр амжилттай явах юм шиг харагдсан бэ?

Бид нар туршилтаар тоглож үзэж байхад Монголчууд бие бялдрын хувьд харьцангуй өөр байна билээ. Тийм болохоор тэмцээнд оролцоод цааш явах магадлал байгаа байх гэж үзэж байгаа. Мэдээж байнгын бэлтгэл хэрэгтэй. Үүнийгээ дагаад санхүүгийн асуудал гарч ирж л байна. Хамгийн эхний асуудал нь заалны асуудал. Монголд хүртээмжтэй заал гэдэг Улаанбаатар хотын хэмжээнд тун цөөхөн. Бид нар сая 149 дүгээр сургуулийг ашигласан. Яагаад тус сургууль вэ гэхээр үндэсний хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хүртээмжтэй сургуулийн нэг. Нойлын хувьд, орж гарахад ч гэдэг юм уу, заалны хувьд ч маш хүртээмжтэй байсан. УБ хотод байгаа хүртээмжтэй сургуулиудад бид бусад зааланд очиж санал тавих гэж байгаа. Санал тавьсан заалнууд нь бидэнд битгий татгалзаарай л гэж хэлье.

-Нэг зүйл сонсож байсан л даа. Энгийн иргэд ч тоглох боломжтой гэж. Энэ талаар?

Тийм. Тэргэнцэртэй сагс гэдэг зүйлийг дан ганц хөгжлийн бэрхшээлтэй хүн тоглодоггүй. Өөр хэн ч сонирхсон ирээд тоглож болдог. Хүмүүс тэргэнцэр гэхээр л суугаа хүн л хэрэглэх боломжтой гэж бодоод байдаг. Тийм зүйл бол биш.

-Хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй асуудал их байгаа харагдлаа. Улсаас, халамжаас энэ талаар санал хүсэлтээ илгээж үзсэн үү?

Үгүй. Эхлээд бид нийгэмдээ ойлгуулж нийт сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Улсаас, халамжаас өгч байгаа тэргэнцэр гэдэг зүйл бол үнэгүй зүйл биш. Татвар төлөгчдийн мөнгөөр бид нарыг нийгмийн амьдралд оролцуулахад бүрэн дүүрэн тусламж үзүүлээд байгаа юм. Харин хэрэгжүүлж байгаа байгууллагууд нь бидний шаардлагад хангахгүй байгаа зүйлийг өгөөд байгаа нь л жаахан тиймэрхүү.