Д.Амарбаясгалан: Уул уурхайн салбарт баялгийн шударга хуваарилалтыг бий болгож, боомтуудын хүчин чадлыг сайжруулна

Д.Амарбаясгалан: Уул уурхайн салбарт баялгийн шударга хуваарилалтыг бий болгож, боомтуудын хүчин чадлыг сайжруулна

Монгол Улсын Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран “Уул уурхайн долоо хоног 2022” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. 

Энэ хүрээнд долоо хоногийн турш уул уурхайн салбарын бодлогын семинар, хөрөнгө оруулалтын чуулган, хөдөлмөрийн аюулгүй байдлын бага хурал, хариуцлагатай уул уурхайн семинар, гүний уурхайн симпозиум, уул уурхайн техник, ханган нийлүүлэлтийн үзэсгэлэн гээд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.09.20/ УУХҮЯ, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж буй “Монголын уул уурхайн долоо хоног-2022” чуулга уулзалт болж байна. Тус арга хэмжээг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

-ТӨР НЭГ ГАРААРАА ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧИХӨӨД НӨГӨӨ ГАРААРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД, ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДАРАМТАЛДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ-

Тэрбээр "Улс орны эдийн засагт голлох байр суурь эзэлдэг Уул уурхайн салбар  2022 оны эхний хагас жилийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 23 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг  бүрдүүлж байгаагаараа онцлог болж байна. Мөн “Алсын хараа 2050”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэнэ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд төрийн оновчтой зохицуулалт, орон нутгийн засаг захиргааны зохистой оролцоо дутагдаж байна. Нэг ёсондоо төр нэг гараараа зөвшөөрөл өгчихөөд нөгөө гараараа хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлээ дарамталдаг байж болохгүй.

-ЗАСГИЙН ГАЗАР УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ, НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ БОДЛОГО БАРИМТАЛНА-

Иймд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг дэлхий нийтийн шинэ хандлага, ногоон хөгжил, хариуцлагатай, ил тод засаглалын шаардлагад нийцүүлж сайжруулах, орон нутгийн иргэд болон ирээдүй хойч үеийнхэн хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломж, баялгийн шударга хуваарилалтыг бий болгоход анхаарна.

Хариуцлагагүй, нөхөн сэргээлт хийдэггүй, дараа үеийнхнийг хохироох үйл ажиллагааг таслан зогсоож, байгальд үзүүлсэн сөрөг нөлөөллөө нөхөх сэргээх чадвартай, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг аж ахуйн нэгжийг дэмждэг илүү дэвшилтэт бодлогыг баримтлах нь улс орны болон иргэдийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар уул уурхайн салбарыг хөгжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримталж байна. Эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгох, экспортын боомт, гарцуудыг нэмэх, хүчин чадлыг сайжруулах үйл ажиллагаагаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд үргэлжлүүлэх болно” хэмээлээ.