Шинзо Абэ агсны төрийн оршуулгыг эсэргүүцсэн 70 настай эрэгтэй өөрийгөө шатаажээ /ВИДЕО/

Шинзо Абэ агсны төрийн оршуулгыг эсэргүүцсэн 70 настай эрэгтэй өөрийгөө шатаажээ /ВИДЕО/

Япон улсын түүхэнд хамгийн урт хугацаагаар ерөнхий сайдын албыг хашсан Шинзо Абэ агсанд зориулсан “Төрийн оршуулга” хийх шийдвэрийг Япон Улсын Засгийн газраас гаргасан.

Оршуулах ёслол есдүгээр сарын 27-нд зохион байгуулагдах юм. Тэгвэл уг арга хэмжээг эсэргүүцсэн Японы иргэн 70 гаруй настай эрэгтэй өчигдөр /2022.09.21/ өглөө Японы засгийн газрын ордны ойролцоо өөрийгөө шатаажээ.

Тодруулбал, Өөрийгөө шатаасан иргэн өглөөний 7:00 цагийн орчимд бие дээрээ тос асган гал тавьжээ. Галыг унтраах үеэр цагдаагийн нэг албан хаагч түлэгдсэн байна. Биеийн ихэнх хэсэг нь түлэгдсэн иргэнийг эмнэлэгт хүргэсэн биеийн байдал нь тодорхойгүй байна. Хэргийн газраас төрийн оршуулгыг эрс эсэргүүцэж байгааг илэрхийлсэн бичиг олдсон тухай Токио хотын цагдаагийн газар мэдээллээ.

Ням гараг /2022.09.18/-т Кёодо мэдээллийн агентлаг Абэ агсны төрийн оршуулгын талаар иргэдийн дунд явуулсан санал асуулгынхаа үр дүнг танилцуулахад 60.8 хувь нь эсэргүүцэж, 38.5 хувь нь дэмжсэн байна. Санал асуулгад оролцогсдын 75 хувь нь засгийн газар төрийн оршуулгад ард иргэдийн татварын мөнгийг төрийн оршуулгад хэрэглэх гэж буйд дургүйцжээ.

Ирэх долоо хоногт болох төрийн оршуулгад 6,000 орчим хүн оролцох ба тэдгээрийн дотор АНУ-ын дэд ерөнхийлөгч тэргүүтэй гадаад орнуудын төр засгийн өндөр албан тушаалтнууд багтаж байгаа юм.

ВИДЕО:

Эх сурвалж: ANN News