“Монголоор дамжина” гэж сурталчлаад байгаа "Хийн хоолой"-г барих эсэхийг В.Путин биш Хятадын эрэлт, Ши Жиньпин хоёр л ШИЙДНЭ

“Монголоор дамжина” гэж сурталчлаад байгаа "Хийн хоолой"-г барих эсэхийг В.Путин биш Хятадын эрэлт, Ши Жиньпин хоёр л ШИЙДНЭ

Манай төрийн томчууд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзах бүрдээ Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах төсөлд “ахиц гарлаа” гэж сурталчилдаг ч, үнэн хэрэгтээ ажил болсон зүйл байхгүй байгаа. Нөгөө талаар олон улсын байдал хурцадмал байгаа энэ үед Оросууд “шилний цаанаас чихэр долоолгож” Монголыг дэлхийн улс төрд хань татаад байна уу гэх хардлага ч төрж байгаа юм.

-СИБИРИЙН ХҮЧ-2 ХИЙ ХООЛОЙГ ГАЗАР НУТГААРАА ДАМЖУУЛСНЫ ТӨЛБӨРТ ОРОСЫН ГАЗПРОМ КОМПАНИАС ОЛОН ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТӨЛБӨРИЙГ МОНГОЛ УЛС АВНА-

Тэгвэл Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-2” хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах, барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангах ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан хариуцаж байгаа. Тэрээр Украины дайн эхлэхийн өмнөхөн /2022.01.25/ ОХУ-ын “Газпром” компанитай хийн хоолойн ТЭЗҮ-г эцэслэсэн тухай “тэмдэглэл”-д гарын үсэг зурсан ч өнөөдрийг хүртэл ажил нь урагшлаагүй байгаа.

С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” компанитай байгалийн хийн хоолой тавих төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурав. 2022.01.25

Сонирхуулахад, “Сибирийн хүч-2” хэмээх төсөл нь 50 тэрбум шоо метр хүртэлх хийг Оросын Арктик дахь Ямалийн хойгоос Монголын нутгаар дайруулан барьсан 6000 километр хоолойгоор Хятадын өмнөд нутагт нийлүүлэх төсөл юм. Харин тус хийн хоолойг газар нутгаараа дамжуулсны төлбөрт Монгол Улс ОХУ-ын “Газпром” компаниас олон тэрбум ам.долларын төлбөр авах ёстой. Иймд саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д болсон чуулганд оролцож В.Путинтай хийн хоолойн асуудлыг ярихад тэрээр “Оросын эрчим хүчний түүхий эдийг нийлүүлэх маршрутуудын нэг нь Монголын нутаг” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хурлын үеэр Монгол, Хятад, Оросын гурван талт уулзалтад оролцож Хятадын дарга Ши Жиньпинд хандаж “ОХУ, Монгол улс уг төслийн талаар идэвхтэй харилцаж байгаа” талаараа ярьсан байдаг.

ВИДЕО: Хятадын дарга Ши Жиньпинд хандаж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн "Сибирийн хүч-2" хийн хоолойн талаар хэлсэн үг.  

-ХЯТАД УЛС ОРОСООС ХИЙ АВАХГҮЙ БАЙСАН Ч БАЙГАЛИЙН ХИЙН “ХОМСТОЛД” ОРОХГҮЙ АЖ-

Үнэн хэрэгтэй, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг ОХУ биш БНХАУ шийдэх ба одоог хүртэл тус хий хоолой нь Хятадад хэрэгтэй эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тодруулбал, 60 тэрбум ам.долларын өртгөөр бүтсэн Орос, Хятадыг холбосон “Сибирийн хүч-1” хий хоолой 2019 онд ашиглалтад орсон ч, 2020 оноос эхлэн Хятад улс Оросоос авах хийн хэмжээгээ эрс багасгасан.

Учир нь Хятад улс Оросоос хий авахгүй байсан ч байгалийн хийн хомстолд орохгүй. Тус улс нь өөрийн хийн олборлолт болон АНУ, Катар, Алжир, Казахстанаас их хэмжээний байгалийн хий авч байгаа юм. Нөгөө талаар “Сибирийн хүч-1” хий хоолой нь зөвхөн Хятадад ашигтай хийгдсэн бөгөөд тус хоолойгоос салбарлаад өөр улсад хий нийлүүлэх боломжгүй. Мөн Хятадууд Оросоос хий авахгүй гэвэл “Сибирийн хүч-1” хоолой төмрийн хог болох тул ОХУ өөрийн хийн үнээ ч тус улсад тулгах ямар ч боломжгүй байгаа гэдэг.

Иймд “Сибирийн хүч-2” хий хоолойг барьснаар Хятад улс хий худалдаж авах баталгаа гаргаагүй бөгөөд “санамж бичиг” л байгуулжээ.

Учир нь Оросын хийн хоолой нь Хятадын “гол эх үүсвэр биш бөгөөд зөвхөн ачаалал нэмэгдсэн үед ашиглах” зориулалттайгаар “Сибирийн хүч-1” хий хоолойг бариулсан гэж байгаа. Товчхондоо, “Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эсэхийг БНХАУ-ын эрэлт л шийднэ. Гэхдээ тэдэнд одоогоор ийм хэрэгцээ байхгүй байгаа ба “Сибирийн хүч-1” хийн хоолойг ч бүрэн ашиглахгүй байгаа юм.