Г.Тунгалагтамир: Ковидын дараа хам шинжүүд удаан үргэлжилбэл хүнд өвчин үүсгэж, мэдрэлийн эмгэгүүдтэй болгох эрсдэлтэй /ВИДЕО/

Г.Тунгалагтамир: Ковидын дараа хам шинжүүд удаан үргэлжилбэл хүнд өвчин үүсгэж, мэдрэлийн эмгэгүүдтэй болгох эрсдэлтэй /ВИДЕО/

Шалтгаангүй толгой өвдөх, гуйвах, сульдах зэргийг бид ядарснаас болж байна. Эсвэл ханиад томуу гэхчлэн янз бүрийн өвчний хам шинжид хамааруулан боддог. Гэхдээ ихэнхдээ тоодоггүй буюу өөрийн дураар эм уугаад өнгөрөөдөг. Гэвч эдгээр жижиг гэх бидний төдийлөн тоодоггүй шинж тэмдгүүд нь ковидын дараах хам шинжид орох бөгөөд мэдрэлийн болон бусад хүнд өвлөлүүдийг үүсгэж буй аж. Иймд бид энэ удаагийн ярилцлагаараа Sun Medical эмнэлгийн Мэдрэлийн эмч Г.Тунгалагтамирын яриаг онцоллоо.

ВИДЕО: 

-КОВИДЫН ДАРАА МАРТАХ ХАМ ШИНЖ УДААН ҮРГЭЛЖИЛБЭЛ МЭДРЭЛИЙН ЭМГЭГ ҮҮСГЭХ УЧИР ЗАЙЛШГҮЙ МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ-

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Г.Тунгалагтамир гэдэг. Sun Medical эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажилладаг. Би одоогоор ковидын дараах хам шинжүүдийг судалж байна. Ялангуяа толгойн өвдөлт, мартах зэрэг мэдрэлд хамаарахуйц шинжүүдийн үүсгэж болзошгүй өвлөлүүдийг анзаарч энэ талаарх мэдээллийг хүмүүст хүргэхийг зорьж байгаа.

-Ковидын дараах хам шинжүүд өвчлөл үүсгэх гэж дурдлаа шүү дээ. Жишээлбэл ямар ямар шинж тэмдэг түгээмэл байгаа вэ?

-Ковидын дараах хам шинж буюу хүн болгоны мэдэж байгаа үнэр амт алдагдах шинж тэмдэг урт хугацаагаар үргэлжилж байгаа. Ойролцоогоор гурван сараас жилийн хугацаанд үргэлжилж байгаа гэсэн судалгаа байна. Мөн үзүүлж буй өвчнүүд дээр маш их ажиглагддаг. Түүнээс гадна толгой эргэх, гуйвж дайвах зовируудад бас зарим хүмүүст илэрч байна. Мөн толгой өвдөх, ядарч сульдах, булчингуудаар өвдөх гэсэн олон шинж тэмдгүүдээр дээр дурдсан ковидын дараах хам шинжүүд маань илэрч байгаа юм.

-Мартах гэдэг нь хам шинжид орсон байна. Тэгэхээр өвчлөл үүсгэнэ гэсэн үг үү. Хүмүүс ковидын дараа угаасаа мартамхай болдог гэх мэт ойлголт даамжирсан учир төдийлөн тоохгүй байгаа байх?

-Тэгэлгүй яах вэ. Мэдээж өвчлөл үүсгэнэ. Ерөнхийдөө юм их мартаж санах гэдэг нь тархинд яг юу болж байгаа вэ гэдгийг эсийн түвшинд ярих юм бол тархинд мэдрэлийн эсүүд их хэмжээгээр үхэж байгаа гэсэн үг. Тийм болохоор тархинд түр хугацааны мэдрэлийн саатлууд гарч ирнэ. За тэгээд энэ процесс урт хугацаанд үргэлжилбэл дараа дараагийн мэдрэлийн эсүүдийн сөнөрлийн эмгэгүүд гарч ирэх магадлал өндөр болж байгаа юм. Цаашилбал ковидыг дараах эдгээр хам шинжүүд болон энд дурдагдаагүй цус бүлэгнэл зэрэг нь тархины харвалт гэхчлэн хүнд өвчнүүдийг үүсгэж байна.

-КОВИДЫН ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ШИНЖ ТЭМДГҮҮД ТАРХИНЫ ХАРВАЛТ ГЭХ МЭТ ХҮНД ӨВЧНҮҮДИЙГ ҮҮСГЭЖ БАЙНА-

-Сүүлийн үед залуу хүмүүс харвах тохиолдлууд нэмэгдэж байгаа гэсэн аман яриа болон судалгаанууд ихээр явах болсон. Тэгэхээр жишээлбэл тархины харвалт ковидын хам шинжээс үүдэж үүсэж байна гэж ойлгож болох уу? 

-Цус харвалтын хувьд нас залуужсан гэж яриад байгаа. Гэхдээ шалтгааны хувьд харвалтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг жагсаахад тэр жагсаалтын нэгэнд “ковид”  орж байгаа. Түүнээс биш ганц ковидоос болсон гэж бол таамаглахад бэрх шүү дээ. /шууд харвалт өгсөн хүнийг/ Гэвч таны хэлсэнчлэн харвалтын тоо эрс нэмэгдэж байгаа залуужсан гэдэг нь бол үнэн.

-Ковидын дараа үнэр амт, мартах гээд таны дурдсан шинж тэмдгүүд илэрч буй тохиолдолд яах вэ?

-Тэгэхээр хэрвээ юм их мартаж санах энэ мэт өөрчлөлтүүд ойр ойрхон гарсаар байвал мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө, эмчилгээ авах дээрээс нь шинжилгээ өгөх хэрэгтэй.

-ИЛЭРЧ БУЙ ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГ ДУР МЭДЭН ЭМЧИЛЖ БОЛОХГҮЙ УЧИР МЭРГЭЖЛИЙН ЭМЧИД ЗААВАЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ-

-Манайханд тоохгүй ч хүмүүс байгаа байх. Дур мэдэн өөрсдийгөө эмчилдэг хүмүүс ч бас байгаа. Яг дээрх хам шинжүүдэд эдгээр үйлдлүүд хэр сөрөг нөлөөтэй вэ?

-Энэхүү шинж тэмдгүүдэд дур мэдэн хийх эмчилгээ гэж байж болохгүй. Жишээлбэл толгой өвдөж, гуйвах зэрэгт өвчин намдаах ч гэдэг юм уу янз бүрийн эм ууж, өөрсдөө ямар нэг онош тавьж байж магадгүй. Гэвч энэ маань өөрийнхөө өвчлөлийг хүндрүүлэх, хугацаа алдах эрсдэлүүдийг л үүсгэж байгаа юм. Тиймээс иймэрхүү шинж тэмдэг илэрч байгаа хүмүүст эм тариа болон тийм юм хэрэглээрэй, ийм юм хэрэглээрэй гэж хэлэхгүй. Яагаад гэвэл хүн болгоны биеийн онцлог өөр байдаг. Хүний нөхцөл байдлыг тодорхойлж тохирох эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг.

Г.Тунгалагтамир

-ШИНЖ ТЭМДЭГ ОДОО БОЛТОЛ ИЛРЭХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ДАСГАЛ ХИЙЖ, НОЙРОО ЗӨВ АВАХ ХЭРЭГТЭЙ-

-Ковидын дараах хам шинж илрэхгүй байгаа хүмүүс байгаа байх. Тэдэнд болон манай уншигчдад хандаад урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөөд яриагаа өндөрлөе.

-Тэгэлгүй яах вэ. Урьдчилан сэргийлэхийн тулд мэдээж дархлаагаа дэмжих нь хамгийн чухал зүйл. Харин дархлаагаа дэмжихэд хамгийн чухал нь нойр. Нойроо маш сайн бүрэн зөв авах хэрэгтэй. Дараа нь дасгал хөдөлгөөн. Дасгал хөдөлгөөн гэж яагаад бүх эмч нар сүүлийн үед илүү их ярьдаг болсон бэ гэхээр дасгал хөдөлгөөн хийхийн хэрээр хүний бодисын солилцоо гэдэг зүйл тэнцвэртэй, эрчимтэй явагдаж байдаг. Бодисын солилцоо гэдгийн цаана дан ганц дархлаа яригдаж байгаа юм биш. Үүний цаана бүх солилцоо яригддаг. Тэгэхээр бусад эрхтнүүдээ ч гэсэн эрүүлжүүлж байгаа гэсэн үг.

Ер нь бол шөнийн нойрыг маш сайн авах хэрэгтэй. Ямар нэг зүйлээр солихгүйгээр яг шөнийн нойр нь булчин суллах дээрээс нь мэдрэлийн ядаргаа, цочрол зэргийг бууруулах гээд маш олон чухал процессуудад үр нөлөө өндөртэй.

Мөн анхааруулж хэлэхэд хэт их ажилладаг ч гэдэг юм уу. Махруу ажилладаг хүмүүс байдаг. Гэвч дэлхий дахинаараа яагаад өдөрт найман цаг долоо хоногт 48 цаг ажиллах ёстой гэж зааж өгөөд байгаа юм. Хүний биеийн бүхий л онцлог. Өвчлөл үүсэх магадлал, эрүүл байх боломжуудыг тооцож үзээд энэ судалгаа гарсан байгаа. Тэгэхээр заавал амрах ёстой цагтаа амарч байх хэрэгтэй. Ялангуяа ковидын дараа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа

-Та бүхэнд баярлалаа. Эрүүл мэндээ бодож өөртөө хайртай байцгаагаарай.