Гаднын орны үйлдвэрлэсэн ШИНЭХЭН эмийг Монголчуудад хэрэглүүлж, туршилт хийж байна уу

Гаднын орны үйлдвэрлэсэн ШИНЭХЭН эмийг Монголчуудад хэрэглүүлж, туршилт хийж байна уу

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан бүх насныхан дунд томуу, томуу төст өвчний халдвар эрс нэмэгдэж эмнэлгийн салбар ачааллаа дийлэхээ болиод байна. Иймд эмнэлгээр явах боломжгүй иргэд гэрээр өөрсдөдөө эмчилгээ хийх, янз бүрийн эм, вакциныг сонгохоос өөр аргагүйд хүрч байгаа гэхэд хилсдэхгүй.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд хэчнээн эм, вакцинаар бөмбөгдөөд эргээд л ханиад хүрч, харин ч улам хүндэрч нэмэргүй байгаа талаар иргэд гомдоллох болсон. Мөн эмэнд хордож, хордсоноо ч мэдэхгүй бие нь улаан цоохор толботой болчихсон иргэд ч нэмэгдсээр. Энэ мэт эм, тарианы туршилтад өртөгсөд Монголд олон байж болзошгүй.

Иргэд бүгд эрүүл мэнд, эм зүйн салбарын ажилтан биш тул өвдөлт, өвчнөөсөө салахын тулд хаана үйлдвэрлэсэн, юу ууж байгаагаа тэр бүр мэдэлгүй хэн нэгний зөвлөснийг л уудаг. Мөн эмийн санчид “Энэ сүүлд гарсан эм, үүнийг уувал сайн” гэж зөвлөдөг байх жишээтэй.

Сүүлд гарсан шинэхэн гэх тодотголтой эм, тариа нь харин ч өндөр эрсдэл дагуулж байх магадлалтай байдаг гэдгийг олон улсын эмч, эрдэмтэд онцолсоор байдаг. Товчхондоо, эхний 5-10 жилдээ тасралтгүй эмээ хэрэглэж, зүгээр байсан ч 10-20 жилийн дараа ямар нэгэн хор нөлөө гарч ирэхийг үгүйсгэхгүй гэжээ. Үүнээс харахад эм бүр анагаадаггүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Манай улсад орж ирж байгаа эмийн 19 хувь нь ямар ч улсын бүртгэлгүй, 14 хувь нь олон улсын стандартын шаардлагад нийцдэггүй гэсэн судалгаа байдаг. Энэ нь нийлээд 33 хувь буюу гурван эм тутмын нэг нь хуурамч гэж яригдаад байгаа юм.

Манай улсын эмийн хангамжид ОХУ, БНХАУ, БНСУ гээд гаднын нөлөө хүч түрж орж ирсэн. 2021 оны байдлаар эмийн 20 хувийг дотоодоос, 80 хувийг импортоор хангаж байгаа гэх бөгөөд эм ханган нийлүүлэх байгууллага эмийн сангийн тоо манай улсын хүн ам, нутаг дэвсгэрийн байршил, төвлөрөлтэй харьцуулахад илүүдсэн гэж үздэг. Ийнхүү эмийн бизнест хөлгүй уусчихсан импортлогчдын оруулж ирж буй олон нэрийн эмийн туршилтаас бид өөрсдөө татгалзаж байх хэрэгтэй.

2019 онд УИХ-ын гишүүн асан Б.Батзандан хэлэхдээ, “2016, 2017 оноос эхэлж 8000 гаруй хүүхдийг эмийн туршилтад оруулсан, хууль бус эм туршсан гэх мэдээлэл байна. Тус эм нь гадаад улс орнуудад бүртгэлгүй эм байжээ” хэмээн мэдэгдэж байсан. Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг вакцин Монголд орж ирж өдгөө тав дах тун хүртлээ хийлгэсээр байна. Гэтэл вакцины гэх үү, туршилтын гэх үү нөлөө иргэдэд мэр сэр ажиглагдах болсон талаар цахим хуудаснаа бичсээр.

Тухайлбал, коронавирусийн эсрэг вакциныг хийлгэж дархлаа тогтсон гэх боловч хоёр ч удаа тусаж, эдгэсэн бөгөөд одоог хүртэл цэр гарах, юм мартах, уймрах, сульдах зэрэг шинж тэмдгүүд илэрсээр байна гэх. Гол нь вакцины үр дүн яг хэрхэн харагдаж, мэдрэгдэж байгаа талаар асуусаар.

Мөн 2021 онд Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгож улмаар Монголд хамгийн түрүүнд буцалтгүй тусламжаар вакцин илгээж байсан удаатай. Товчхондоо шинэ эм, вакцины туршилтыг ядуу буурай, хөгжил муутай орнууд дээр турших нь бизнесийн салбарынханд таатай байдаг гэж хэлж болно.

Тэгвэл мөн БНСУ-ын HK Innoen-ийн ходоод, улаан хоолойн сөргөө өвчний шинэ эм саяхан гарсан бөгөөд одоогоор гаднын дөрөвхөн оронд худалдаалагдаж байгаагийн нэг нь Монгол байх жишээний.

Энэ мэт шинэ гэсэн болгоныг түрүүлж Монгол руу гаргаж буй гаднын улс орнуудын бизнесменүүдийн далд санаа нь яг юу байж болох талаар иргэд дор бүрнээ бодох цаг болсон биз ээ.