ВИДЕО: Филиппинд осолдсон “Korean Air”-ийн онгоц тус өдрөө Монголд ирээд буцсан бөгөөд тоормос эвдэрсэн байх магадлалтай гэв

ВИДЕО: Филиппинд осолдсон “Korean Air”-ийн онгоц тус өдрөө Монголд ирээд буцсан бөгөөд тоормос эвдэрсэн байх магадлалтай гэв

Энэ аравдугаар сарын 23-24-ны өдөр /2022.10.23-24/ БНСУ-ын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлаас Филиппиний Себу нисэх онгоцны буудал руу хөөрсөн KE631 нислэгийн дугаартай Air Airbus A330 онгоц Себу нисэх онгоцны буудалд газардах үедээ хөөрөх зурвасыг давж осолдсон ноцтой хэрэг гарсан. Тус онгоцонд хоёр Монгол зорчигч зорчиж явсан бөгөөд тэдний нэг Б.Сугарсүрэнтэй бид ярилцаж мэдээллийг хүргэж байсан билээ. ЭНД ДАРЖ уншина уу.

Тус ослын талаар Монголын ГХЯ-ны зүгээс “Осолдсон онгоцонд зорчиж явсан монголын иргэдтэй холбогдож чадахгүй байна” хэмээн тодруулга өгч, монгол иргэдийн биеийн байдал, нөхцөл байдлын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй нь олныг бухимдуулж байв.

ВИДЕО:

Тэгвэл Филиппиний Себу нисэх онгоцны буудалд "Korean Air" компанийн онгоц газардах үеэрээ хөөрөх зурвас давж осолдсон шалтгааныг тоормос эвдэрсэн байх магадлалтай гэж үзэж байгаа талаар тус улсын SBS телевиз онцлон мэдээлжээ.

Тодруулбал, KE631 нислэгийн дугаартай Air Airbus A330 онгоц осолдсон өдрийнхөө үүрээр Хонгконгоос Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд очоод өглөө нь Монгол Улсын Улаанбаатар хот руу явж, буцаж Инчеоны нисэх онгоцны буудалд очсоноос хоёр цагийн дараа Себу хотыг зорьсон байх аж.

Осолдсон онгоцны хувьд 1998 онд Korean Air компани худалдан авч, 24 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор Солонгос, Филиппиний засгийн газартай хамтран ажиллаж байна. Себу хотод цаг агаарын таагүй нөхцөлд хоёр ч удаа газардах оролдлого хийсний дараа зорчигчдод анхааруулж сануулсан байна. Хэвийн буулт явуулах боломжгүй үед ослын буулт зарладаг ч ихэвчлэн шатахууны хомсдол, техник хэрэгсэлд гэмтэл гарсан тохиолдолд энэхүү буултыг хийдэг гэдгийг нисэхийн албаныхан онцлов.

Тус онгоцны үйлчлэгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бид зорчигчдын аюулгүй байдалд санаа зовсон үедээ ослын буултыг зарладаг. Энэ байнга тохиолддог зүйл биш. Бид нислэгийн үеэр зорчигчдод хамгаалалтын бүсээ зүүж, цохилтод бэлдэж, толгойгоо халхлахыг анхааруулсан” гэв. Түүнчлэн “Кореан Эйр” компанийн зүгээс мэдэгдэлдээ онгоцны нисгэгч гурав дах удаагаа буух оролдлого хийх зөвшөөрөл авч нэг зурвастаа дараалан буух ажиллагаа бүтэлгүйтэж байсан тул ойролцоох өөр нисэх онгоцны буудал хайх шаардлагатай эсэхийг судалж байсан ч энэ бол нисгэгчийн шийдвэр гэжээ. Хэрэв нисгэгч хангалттай бууж чадна гэж үзвэл нисгэгч газардах болно гэсэн юм.

Одоогоор осолтой холбогдуулан эхний байдлаар онгоцны ахмадаас мөрдөн байцаалт авч, нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд ослын талаарх дүгнэлт эцсийн байдлаар хамгийн наад талдаа зургаан сар, уртдаа гурван жил болно гэв.