АНУ-д хүргэлтийн жолоочийг буудсан хэрэгт Монгол Улсын иргэн байж болзошгүй 33 настай эрэгтэйг шалгаж байгаа талаар мэдээлжээ

АНУ-д хүргэлтийн жолоочийг буудсан хэрэгт Монгол Улсын иргэн байж болзошгүй 33 настай эрэгтэйг шалгаж байгаа талаар мэдээлжээ

АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт Uber Eats хүргэлтийн жолоочийг буудаж, гар буугаар зодсон хэрэгт холбогдсон 33 настай эрэгтэйг барьцаагүйгээр цагдан хорих шийдвэр гаргажээ.

ВИДЕО:

АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт хоол хүргэлтийн жолоочийг буудаж, амь насанд нь заналхийлсэн хэрэг гарсан талаар NBC 6 South Florida болон WSVN мэдээллээ. Хэрэгт сэжиглэгдэж буй Хүслэн Саруултуяа нь 2026 оны аравдугаар сарын 12-ны даваа гарагийн үүрээр Майамигийн баруун өмнөд хэсэгт байрлах орон сууцны цогцолборт хүргэлт хийж явсан жолоочтой маргалдсан байна. Цагдаагийн мэдээлснээр, жолооч хүргэлт хийх үеэрээ орон сууцны байрны үүдэнд нэгэн эмэгтэйтэй богино хугацаанд ярилцжээ. Улмаар 50 орчим минутын дараа тухайн эмэгтэйтэй дахин уулзаж, утасны дугаарыг нь авах зорилгоор буцаж ирсэн аж.

Энэ үеэр эмэгтэйн найз залуу гэх Саруултуяа саарал өнгийн Chevrolet Corvette автомашинаар ирж, жолооч руу буу чиглүүлэн газар хэвтэхийг шаардсан гэж мөрдөн шалгах ажиллагааны баримтад дурджээ. Сэжигтэн жолоочийг газар хэвтэж байхад нь буудаж, сум түүний өгзөгний баруун хэсгийг шүргэсэн байна. Мөн толгойн ар хэсэгт нь гар буугаар цохисны улмаас шарх үүсжээ. Үүний дараа сэжигтэн жолоочийн толгой руу буу чиглүүлж, амь насыг нь хөнөөхөөр заналхийлсэн гэж цагдаагийн байгууллага мэдээлсэн байна. Эмэгтэй түүнийг зогсоохыг оролдсон боловч сэжигтэн жолоочийг автомашинаа тойруулан хөөж, буугаа чиглүүлсээр байжээ.

Хохирогч хэргийн газраас зугтаж, өөрөө автомашин жолоодон South Miami Hospital эмнэлэгт хүрч эмчлүүлсэн байна. Цагдаагийн алба хаагчид гэрчийн мэдүүлэг болон бусад мэдээлэлд үндэслэн сэжигтнийг тогтоож, даваа гарагийн орой орон сууцнаас нь баривчилжээ. Түүнд хүнийг санаатайгаар алахыг завдсан болон аюултай зэвсэг ашиглан хүнд халдсан зэрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн сэжигтний гэрт нэгжлэг хийх үеэр хар тамхи, мансууруулах бодис байж болзошгүй олон төрлийн зүйл болон 11 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө илрүүлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ. Эдгээртэй холбоотой тусдаа эрүүгийн хэрэг мөн шалгагдаж байгаа аж. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгч сэжигтнийг барьцаагүйгээр цагдан хорих шийдвэр гаргасан байна. Тэрбээр шүүхийн дараагийн шатны ажиллагаа хүртэл Майами-Дэйд тойргийн хорих байгууллагад хоригдож байгаа талаар мэдээлжээ.