Дүүгийнх нь оршуулгад З.Баянсэлэнгийг оролцуулахыг ХЭҮК-ын дарга шүүгчээс хүсчээ

Дүүгийнх нь оршуулгад З.Баянсэлэнгийг оролцуулахыг ХЭҮК-ын дарга шүүгчээс хүсчээ

Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийг ирүүлсэн байдаг. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж буй юм.

Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг хуулийн байгууллагаас гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж байгаа юм.

Харин энэ сарын 21-нд Барилга, хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгийг ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-р ангид хугацаагүйгээр хорьсон. Учир нь шүүгдэгч З.Баянсэлэнгэ ямар нэг шалтаг тоочсоор шүүх хурлыг хойшлуулсан байдаг. Иймд түүнийг шүүн таслах ажилд саад учруулсан гэж хорьсон юм.

Гэтэл түүнийг хорьсноос тав хоногийн дараа буюу энэ сарын 26-нд төрсөн дүү нь нас баржээ. Иймд дүүгийнх нь оршуулгын ажилд оролцуулах хүсэлтийг З.Баянсэлэнгийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, түүний охин Т нараас Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хүргүүлжээ. Энэхүү хүсэлтийг ёсоор болгохыг хүсч Ж.Бямбадорж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиунд энэ долоо хоногийн Пүрэв гарагт албан бичиг хүргүүлсэн байна. Харин түүний дүүгийн оршуулгын ажил өчигдөр буюу энэ сарын 1 өдөр болж өндөрлөсөн байна. Харин шүүгдэгч Баянсэлэнгийг сулласан эсэх нь тодорхойгүй байна.

Хүний эрхийн үндэсний комиссын хүсэлт