"Борхүү" нэртэй бугийг өнөөдөр Богдхан ууланд нутагшуулна

"Борхүү" нэртэй бугийг өнөөдөр Богдхан ууланд нутагшуулна

Нийгэм Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын элий тэжээн өсгөж, Борхүү хэмээн нэрлэжээ. Борхүү өчигдөр /2022.11.16/ гурван нас хүрсэн гэнэ.

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр бол амьтны үр төл гурван нас хүрэхэд өөрийгөө зэрлэг амьтан болон хүний хөл хөдөлгөөнөөс хамгаалах идэш тэжээлээ олж идэх чадвар тогтдог гэж үздэг байна. Д.Буянтогтохын гэр бүл мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдсөний үндсэн дээр хүний хөл хөдөлгөөнтэй газар амьдарч дассан Борхүү нэрт бугаа Богдхан ууланд авчрах шийдвэр  гаргажээ.

Ингэхдээ Богдхан уулын Тайны аманд амьтан асран хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мөнгөн эгшиг” ХХК-ийн талбайд бэлчээрлүүлэх ба ирэх хавар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны хяналтад Богдхан ууланд нутагшуулах юм байна. Борхүүг хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадварыг бага багаар суулгах зорилгоор “Амьтан асралт” ХХК-ийн  зөвлөмжийн дагуу байгалийн талбайд буга маллагч хариуцан хариулж бэлчээрлүүлэх идээшлүүлэх, ижил сүрэгт дасган оруулах юм. Хүнтэй ижилдэн дассан бугыг өнөөдөр /2022.11.17/ Богдхан уулын Тайны аман дахь бэлчээрийн талбайд нутагшуулан хүлээлгэн өгөх юм байна.