Номгон-9П цооногын олборлолтын туршилтыг үргэлжүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоохоор болжээ

Номгон-9П цооногын олборлолтын туршилтыг үргэлжүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоохоор болжээ

"Жи өү эйч" ХХК-ийн өрөмдсөн Номгон-9П цооногоос метан хий гарч эхэллээ.

Тодруулбал, “Жи Өү Эйч” ХХК-ийн Өмнөговь аймагт явуулж буй хайгуулын ажлын үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт өрөмдсөн “Номгон-9П” цооногоос метан хий гарч эхэлсэн байна. Иймд цаашид уг газарт олборлолтын туршилтыг үргэлжлүүлж, метан хийн нөөцийг нарийвчлан тогтоох ажлыг үргэлжлүүлэн хийхээр болжээ.

Түүнчлэн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлж, олборлосноор түүхий нүүрснээс татгалзан, экологийн хувьд цэвэр түлш ашиглана.

Мөн цахилгаан станц, жижиг зуух, төмөрлөгийн үйлдвэр, их даацын автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл, ахуйн хэрэглээг хийн түлшээр хангаж, агаарын бохирдол буурах, дэд бүтцийн салбарт ч чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 265 дугаар тогтоолоор эрх олгосны дагуу Ашигт малтмал газрын тосны газар болон Австралийн Холбооны улсад бүртгэлтэй “Golden Horde” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Жи Өү Эйч” ХХК-ийн хооронд “Номгон-9П” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан аж.