Ховд аймагт усгүйдэж ангасан 100 гаруй янгир ямааг услах зорилгоор цөөрөм байгуулжээ

Ховд аймагт усгүйдэж ангасан 100 гаруй янгир ямааг услах зорилгоор цөөрөм байгуулжээ

Ховд аймгийн Ховд сумын Улаан бураа багийн “Улаан бураан адаг” хэмээх газарт нутаглаж буй 100 гаруй янгир ямаа усгүйдэж ангасан байдал ажиглагджээ. Улмаар тус аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар хамтран зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор хөв цөөрөм байгуулан долоон тонн ус хийж дүүргэлээ.

Тус бүс нутагт одоогоор цас ороогүй байгаа учраас зэрлэг амьтад усаар гачигдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил өдийд мөн хөв цөөрөм байгуулах арга хэмжээг Ховд аймгийн Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлж байсан аж.   

Түүнчлэн хатуу хучилттай авто зам тавих явцад зэрлэг амьтад Буянт гол руу нэвтрэх, гарах гарц гаргаагүй учраас ийнхүү зэрлэг амьтны амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна гэж Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Иймд цас орох хүртэл Ховд сумын ЗДТГ, байгаль орчны салбарын холбогдох байгууллагууд хамтран энэ газарт янгир ямаа тогтмол услах үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн авто зам барьснаар янгир ямааны ус уух боломж сүүлийн 2-3 жилийн хугацаанд хумигдсан тул янгирын сүргийг ус уух боломжоор хангаж, биотехникийн арга хэмжээ авах болжээ.