БНСУ-ын Сөүл хотын зөвлөлийн дарга Монгол Улстай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэжээ

БНСУ-ын Сөүл хотын зөвлөлийн дарга Монгол Улстай найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байна гэжээ

Энэ арваннэгдүгээр сарын 21-ний өдөр /2022.11.21/ БНСУ-ын Сөүл хотын зөвлөлийн дарга Ким Хён Ки Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Тодруулбал, тус улсын Худалдаа, үйлдвэр, эрчим хүчний яамны урилгаар монголын төлөөлөгчид хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр БНСУ-д айлчилсан байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин болон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор тэргүүтэй таван гишүүн явжээ.

Энэ үеэр Сөүл хотын зөвлөлийн дарга Ким Хён Ки, "Сөүл хотын зөвлөл болон Улаанбаатар хотын зөвлөл 1997 оноос хойш харилцаа холбоо тогтоосоор ирсэн. Монгол Улсын хувьд баялаг ихтэй бол Сөүл хот өндөр техник технологи, мэргэжлийн боловсон хүчинтэй. Хоёр хот цаашдаа идэвхтэй хамтын ажиллагааг бий болгоно гэж найдаж байна” гэлээ. Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин хэлэхдээ, “Солонгос хүүхдүүд монгол хөх толботой төрдөг тул монголчууд Солонгосыг худын харилцаатай орон гэж нэрлэдэг” гэсэн бөгөөд Сөүл хотын зөвлөлийг Монгол Улсад айлчлахыг албан ёсоор урьсныг онцолжээ.

Эх сурвалж: ntoday.co.kr