ФОТО: Гурван бамбаруушид зүүсэн "байршил тогтоогч" дохио өгөхөө больсон тул тэднийг ичсэн гэж үзжээ

ФОТО: Гурван бамбаруушид зүүсэн "байршил тогтоогч" дохио өгөхөө больсон тул тэднийг ичсэн гэж үзжээ

Хөвсгөлийн "Улаан тайга"-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын тэжээж байгальд нь тавьсан гурван бамбарууш саяхан ичсэн бол. Учир нь тус бамбаруушууд өнгөрсөн жил байгаль хамгаалагчдын бэлдсэн үүрэнд өвөлжсөн бөгөөд хараахан ичиж чадаагүй юм. 

Ингээд байгаль хамгаалагчид өнгөрсөн намар эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг өнгөрсөн өвөл тэжээж өвөлжүүлээд, улмаар энэ оны тавдугаар сард /2022.05.29/ байгальд нь тавьсан. Ингэхдээ тэднийг хэрхэн аж төрж байгаа зэргийг камерын бичлэг, байршил тогтоогчоор хянаж байгаа юм.

ВИДЕО:

Тэгвэл Гэмшил, Номхон бор, Догшин хар гэх нэртэй гурван бамбарууш энэ сарын 15,16 /2022.11.15-16/-ны өдөр ичжээ.

Энэ талаар Улаан тайгын хамгаалалтын захиргааны дарга, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхээс тодруулахад "Бамбаруушууд маань ичих бэлтгэлээ базааж байгааг бид хяналтын камер, байршил тогтоогчийн тусламжтайгаар мэдэж байсан. Харин тэдний хүзүүнд зүүсэн байршил тогтоогч саяхан дохио өгөхөө больсон. Үүнээс үзэхэд бамбаруушуудыгаа ичсэн байна гэж дүгнэж байгаа. Учир нь байршил тогтоогч нь сансраас мэдээллийг дамжуулдаг бөгөөд газар доор орсон тохиолдолд дохио өгөх боломжгүй болдог. Тиймээс бамбаруушуудыг ичсэн гэж үзэж байгаа. Ер нь баавгай арваннэгдүгээр сарын 15-наас ичдэг амьтан” гэлээ. 

Бамбаруушуудын байршил тогтоогч хүзүүвч тэдний хоолойг нь боох эрсдэл учирч болзошгүй эсэхийг гэдгийг лавлахад "Баавгайн хүзүүвчийг алсын удирдлагаар автоматаар унагах боломжтой. Мөн гурван сарын хугацаанд өөрөө өгөршөөд унах материалаар тохируулж хийсэн учраас хоолой боох зэрэг эрсдэл гарахгүй. Намар бамбаруушуудын баас сайхан байснаас үзэхэд тэд маань энэ өвлийг алзахгүй давах байх" гэсэн юм. Гэмшил анх тавьсан газрын ойролцоо ичсэн бол Номхон бор, Догшин хар хоёр ОХУ-ын хил давж ичсэн гэх мэдээлэл байгаа аж.

Хөвсгөлийн тайгад тавьсан бамбаруушууд хяналтын камерт бичигджээ. 2022 он

Хөвсгөлийн тайгад тавьсан бамбаруушууд хяналтын камерт бичигджээ. 2022 он

Хөвсгөлийн тайгад тавьсан бамбаруушууд хяналтын камерт бичигджээ. 2022 он

Байгаль хамгаалагчид "баавгайн ичээ"-г шалгажээ. 2022 он