“Тавантолгой“ ХК Өмнөговь аймгийн өрх бүрт гурван тонн нүүрс үнэгүй өгнө

“Тавантолгой“ ХК Өмнөговь аймгийн өрх бүрт гурван тонн нүүрс үнэгүй өгнө

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит "Тавантолгой"ХК-ийн ТУЗ-ийн хурлын шийдвэрээр Өмнөговь аймгийн өрх бүрт гурван тонн нүүрс үнэгүй олгохоор болжээ. “Нутгийн илч” хөтөлбөрт тус аймгийн 15 сумын бүх өрх буюу 22500 өрх хамрагдах аж. Тус компанийн ажилтнууд сум болон багийн төвүүдэд нүүрсний талон тарааж эхэлсэн байна. Нутгийн илч хөтөлбөр энэ оны аравдугаар сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Тавантолгой ХК-ийн уурхайчид ажлын өдрүүдэд 05:00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, нүүрс ачилтыг шуурхай зохион байгуулж байгаа ажээ.

"Өмнөговийн иргэд айл хөрш, ах дүүс, баг хамт олноороо нэгдэж, уурхайгаас нүүрсээ татаж эхэллээ" хэмээн орон нутгаас мэдээллээ. Уурхайн аманд нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг бөгөөд гурван тонн нүүрс нь 115500 төгрөгийн үнэтэй. "Тавантолгой" ХК нь өмнөх жилүүдэд орон нутгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс олгодог байсан бол энэ жил гурван тонн нүүрс үнэ төлбөргүй олгохоор болжээ.