Европын Парламент лхагва гарагт ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн зарлаж, тус улсын зүгээс Украины эрчим хүчний дэд бүтэц, эмнэлэг, сургууль, хоргодох байруудад цэргийн цохилт өгч байгаа нь олон улсын хууль эрх зүйг зөрчиж буй хэрэг юм гэж мэдэгдсэн талаар "montsame" агентлаг мэдээллээ.
Тус мэдээлэлд "Европын хууль тогтоогчид Оросыг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн хүлээн зөвшөөрсөн тогтоолыг баталсан байна. Оросын эрх баригчид Европын парламентын уг шийдвэрт дургүйцэж байгаа юм. “Европын парламентыг тэнэглэлийг ивээн тэтгэгч хэмээн тодорхойлохыг санал болгож байна” гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Telegram хуудастаа бичжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын парламентын уг шийдвэрийг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ Оросыг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн зарлахыг АНУ-д уриалсан байна. АНУ-ын Конгрессын хоёр танхим Оросыг терроризмыг ивээн тэтгэгч улсуудын жагсаалтанд оруулах тухай тогтоол гаргасан хэдий тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөг хүртэл хэрэгжүүлэхээс татгалзаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Төрийн Департамент Куба, Умард Солонгос, Иран, Сирийг терроризмыг ивээн тэтгэгч улс хэмээн зарлаад байгаа" гэжээ.