ЭЗНЭЭ ОЛСОН ШАГНАЛ: Байгаль хамгаалагчаар 40 жил ажилласан Ж.Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ /ФОТО/

ЭЗНЭЭ ОЛСОН ШАГНАЛ: Байгаль хамгаалагчаар 40 жил ажилласан Ж.Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ /ФОТО/

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийг Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол тэмдгээр мялаалаа. 

Тэрбээр эх орныхоо байгаль, ан амьтан, түүх, соёлын дурсгалыг хайрлан хамгаалах үйлсэд 40 шахам жилийн хөдөлмөрөө зориулсан нэгэн юм. Ж.Төмөрсүх нь "Хөвсгөл аймгийн Улаан Уул сум буюу Дархадын цэнхэр хотгор байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Монголын Швейцар гэгддэг газар төрж өссөн. Бага насаа зүлэг ногоон дэвжээн дээр тоглож наадан, зурам жирх хөөн ан амьтан байгальтай хамгийн ойр ахуйд өссөн учраас байгаль хамгаалах, байгальтай ойр байх, танин мэдэх ийм амьдралын хэвшилтэй байсан нь ийнхүү байгаль хамгаалагч болоход нөлөөлсөн гэдгийг тодотгож байсан юм. 

Тэрбээр Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх, хамгаалалтын захиргааг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан байна. Мөн цэнгэг усны гол нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойд тайгын тусгай хамгаалалттай газрыг удирдлага арга зүйгээр хангаж, байгаль орчныг хамгаалах үйлсэд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Жалын Төмөрсүхэд Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээлээ.